- Share : 35
- Уншсан : 37705
- 2 сарын 20
Өөрийгөө болон гэр бүлээ аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалах
Хэрэв танд ямар нэг төрлийн тээврийн хэрэгсэл байдаг бол хуулийн дагуу та жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулах ёстой. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулснаар таны хариуцлагагүй үйлдлийн улмаас бусдын тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан тохиолдолд даатгалын компани таны өмнөөс нөхөн төлбөр төлөх боломжийг олгодог юм.
Даатгал гэж юу вэ?
Төрөл бүрийн даатгал байдаг. Үүнд: Эд хөрөнгийн, гэнэтийн ослын, эрүүл мэндийн, амь насны даатгал гэх мэт. Даатгалын компани таны сонгож хамрагдсан тухайн даатгалтай хамааралтай тохиолдолд л хохирлын нөхөн төлбөрийг төлдөг.
Даатгалын үйл ажиллагаа
Даатгалд хамрагдах буюу даатгалын гэрээ байгуулах нь өөрийнхөө санхүүгийн зарим эрсдэлийг даатгалын компанид шилжүүлж байгаа явдал юм. “Даатгалын гэрээ” нь даатгалын компани болон даатгуулагчийн хооронд байгуулсан гэрээ юм. Тус гэрээнд ямар нөхцөлд даатгалын компани танд нөхөн төлбөр төлөхийг дэлгэрэнгүй тайлбарласан байна.
Та даатгалын компанид хураамж гэгдэх тодорхой хэмжээний мөнгийг төлнө. Даатгалын гэрээнд заасан тохиолдлын улмаас танд эрсдэл учирвал даатгалын компани учирсан хохирлыг гэрээнд заасны дагуу барагдуулна.
Тухайн үйл явдал (жишээ нь, осол аваар, гал, хулгай, гэмтэл, өвчин, амь насаа алдах гэх мэт) тохиолдохоос өмнө та даатгалд хамрагдсан бол даатгалын компаниас хохирлыг нөхөн төлнө. Тухайн үйл явдал тохиолдсоны дараа даатгалд хамрагдсан бол даатгалын компани хохирлыг нөхөн төлөхгүй.
Танд ямар даатгал хэрэгтэй вэ?
Танд хэд хэдэн төрлийн даатгал хэрэгтэй байж болно. Гэхдээ хүн бүрт бүх төрлийн даатгал хэрэгтэй гэсэн үг биш бөгөөд ямар даатгалд хамрагдах нь таны хэрэгцээ шаардлага, нөхцөл байдал, хандлагаас хамаарна.
Таны хамрагдах боломжтой даатгалын үндсэн төрлүүдийн талаар эндээс [Даатгалын төрлүүд] үзнэ үү.
Даатгалд хамрагдах шаардлагатай эсэхээ шийдэхийн тулд даатгалын зардлыг даатгалгүйн улмаас учирч болох хохирлын хэмжээтэй харьцуулж үзээрэй. Дараах гурван гол асуудлыг тунгаан бодоорой. Үүнд:
- Ямар эрсдэлийг даатгуулахыг хүсч байна вэ? Үүнд: Машинаа хулгайд алдах, ослын улмаас эвдэрч гэмтэх, амь насаа алдах (хэрэв таныг нас барвал үүний улмаас үүсэх санхүүгийн үр дагаврыг шийдэхэд нь туслах мөнгийг таны гэр бүл авах боломжтой болно), өвдөх, таны орон гэр галд өртөх, хулгай, дээрэмд өртөх гэх мэт.
- Эдгээр эрсдэл учрах магадлал хэр их вэ? Хэрэв эдгээр эрсдэл учирвал юу болох вэ? Таны амьдарч байгаа орон гэр галд өртөх эрсдэл бага байж болох ч хэрэв галын аюул тохиолдвол үүнээс үүсэх хохирол асар их байна. Таны машин эвдэрч гэмтэх, хулгайлагдах эрсдэл харьцангуй өндөр байх ч үүнээс үүсэх хохирол нь орон гэрээ алдсаны улмаас учрах хохирлоос ихгүй байх биз ээ. Амьдрал дээр гэнэт нас барах эрсдэлд хүмүүс тэр бүр ач холбогдол өгдөггүй. Гэвч хэрэв та гэр бүлийнхээ гол тэжээгч нь бол таныг нас барахад гэр бүлийнхэн чинь таны оршуулгын зардлыг гаргаж чадах уу? Таны орлогогүйгээр гэр бүл тань цаашид амьдралаа авч явах боломжтой юу? Хэрэв дээр дурдсан эрсдэлийн аль нэг нь тохиолдоход та болон таны гэр бүл эдгээр зардлыг төлөх чадваргүй бол даатгалд хамрагдах талаар бодолцох нь зүйтэй.
- Даатгалд хамрагдахын тулд хэдэн төгрөгийн зардал гаргах вэ? Даатгалд хамрагдах тухай бодож байвал даатгалын компаниас даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ түүний хураамжийн хэмжээ, учирсан хохирлын хэдэн хувийг нөхөн төлдөг тухай асууж мэдээрэй. Жишээ нь, хэрэв та амь насны даатгалтай байгаад нас барвал таны гэр бүл хэдэн төгрөгийн нөхөн төлбөр авах, эсвэл хэрэв таны орон гэр галд шатвал даатгалын компаниас хэдэн төгрөгийн нөхөн төлбөр олгох гэх мэт.
Даатгалын хамрах хүрээ
Даатгал олон төрөлтэй. Эдгээр олон төрлийн даатгал, тэдгээрийн онцлогийн талаар даатгалын компани болон даатгалын мэргэжилтнүүд танд тайлбарлаж өгөх болно.
Даатгалын компанид төлөх “хураамж”-ийн хэмжээ даатгалын эрсдэл учрах магадлал, даатгуулж буй хөрөнгийн үнэлгээнээс хамаардаг. Жишээ нь, та машинаа өндөр үнээр даатгуулбал даатгалын хураамжийн хэмжээ их байна.
Судалгаа хийж харьцуулах
Даатгалын гэрээ байгуулахаасаа өмнө даатгалын компаниудыг харьцуулан судлаарай. Даатгалын компани тус бүрийн санал болгож буй даатгалд хамруулах нөхцөлүүд, даатгалын хураамж зэргийг харьцуулж үзээрэй.
Хамгийн бага үнийн санал нь хамгийн боломжтой санал байдаггүй гэдгийг санаарай. Жишээ нь, цөөхөн төрлийн эрсдэлийг даатгалд хамруулж байгаа учраас, эсвэл тухайн даатгалд даатгуулсан эрсдэл учрахад даатгалын компаниас төлөх нөхөн төлбөрийн хэмжээ бага учраас хураамж нь бага байж болно. Даатгалын гэрээнд таны хүссэн бүх эрсдэлээс хамгаалах нөхцөл тусгагдсан эсэхийг та сайтар судалж баталгаажуулаарай.
Зарим төрлийн даатгалын гэрээгээр танд учирсан санхүүгийн бүх хохирлыг нөхөн төлдөггүй. Жишээлбэл, орон байрны хулгай, дээрмийн даатгалын гэрээнд хулгай дээрмийн улмаас учирсан 100 000 төгрөгөөс дээш хохирлыг даатгалд хамруулна гэж заасан гэвэл энэ нь 100 000 төгрөгөөс доош хохирлыг даатгалын байгууллага төлөхгүй гэсэн үг. Үүнийг “хэмжээний хязгаарлалт” гэдэг. Хэрэв хэмжээний хязгаарлалт өндөртэй даатгалын гэрээ сонговол тухайн даатгалын компанийн төлөх нөхөн төлбөрийн хэмжээ бага байдаг учраас таны төлөх даатгалын хураамж бага байна.
Зарим төрлийн даатгалын гэрээнд эвдэрсэн, эсвэл хулгайлагдсан эд зүйлийг солих зардлыг төлнө гэсэн байдаг. Харин зарим гэрээнд зөвхөн тухайн зүйлийн элэгдэл хорогдлыг тооцон өртгийг хувьчлан бодож гаргасан зардлыг нөхөн төлнө гэсэн байдаг.
Үнэнч шударга байх
Даатгалын компаниас асуусан бүхий л мэдээллийг та өөрийн мэдэхийн хэрээр хариулах ёстой. Хэрэв та ямар нэг чухал мэдээллийг хэлэлгүй орхигдуулах, эсвэл худал мэдээлэл өгвөл даатгалын компани таны даатгалын гэрээг цуцлах, тухайн даатгалын гэрээний дагуу таны нэхэмжилсэн төлбөрийг төлөхөөс татгалзаж болно.
Гэрээг анхааралтай унших
Даатгалын гэрээгээр юуг даатгаж, юу даатгаагүй болохыг сайн ойлгож аваарай. Даатгалын гэрээг уншиж хянахад хугацаа зарцуулж тодорхой бус зүйл байвал даатгалын ажилтнаас тайлбарлаж өгөхийг хүсээрэй.
Ямар тохиолдолд даатгалын гэрээ үйлчлэхгүй гэдгийг мэдэж аваарай. Даатгалын бүх гэрээнд хамаарахгүй тохиолдол гэж бий. Жишээ нь, даатгалын гэрээ байгуулахаас өмнө үүссэн эд хөрөнгийн эвдрэл гэмтэл, согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үед учирсан хохирол зэргийг нөхөн төлдөггүй.
Даатгалын гэрээний нөхцөлийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрөхөөс өмнө даатгалын хураамжийг төлж болохгүй.
Тэмдэглэл сайн хөтлөх
Даатгалын байгууллагад нэхэмжлэл гаргахад хэрэг болох бүх зүйлийг сайтар тэмдэглэж хадгалах хэрэгтэй. Жишээ нь, хулгайн даатгалд даатгуулсан эд зүйлийн (тавилга ба цахилгаан бараа гэх мэт) төлбөрийн баримтыг хадгалаарай. Хулгайлагдсан зүйлс, машины осол, галын аюултай холбоотой цагдаа, замын цагдаа, гал унтраах ангийн гаргасан аливаа тайлангийн хувийг хадгалах нь зүйтэй.
Хэрэв даатгалын хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа бол нэхэмжлэлдээ дараах баримтын талаар бичээрэй. Үүнд:
- Он сар өдөр, цаг;
- Хамааралтай хүмүүс (жишээ нь, машины осолд хамааралтай этгээд, гэмтсэн хоолойг зассан слесарьч гэх мэт)
- Болсон үйл явдал.
Осол гэмтлийн улмаас эвдэрч хэмхэрсэн эд зүйлс, нөхөн төлбөр нэхэмжилж буй зүйлийнхээ зургийг нэн даруй авах нь чухал. Хулгайлагдсан зүйлсийн жагсаалт гаргаарай. Баримт нотолгоо, мэдээлэл их байхын хэрээр, төдий чинээ хурдан хугацаанд даатгалын компаниас нөхөн төлбөрөө авч чадна.
Даатгалаас нөхөн төлбөр нэхэмжлэх
Даатгалын гэрээгээр даатгуулсан зүйлд эрсдэл учирвал та даатгалын байгууллагаас нөхөн төлбөр нэхэмжилж болно.
Хэрэв даатгалын гэрээгээр даатгуулсан зүйлд учирсан эрсдэлийн улмаас танд хохирол учирсан бол та нэн даруй даатгалын компанидаа мэдэгдэх нь зүйтэй. Хэрэв та даатгалын компанидаа 72 цагийн дотор мэдэгдэж чадаагүй бол даатгалын компани таны нэхэмжилсэн нөхөн төлбөрийг төлөхгүй. Түүнчлэн, хулгайн тухай цагдаад, машины ослын тухай замын цагдаад, гал гарсан тухай гал унтраах ангид нэн даруй мэдэгдээрэй.
Заримдаа та даатгалын компанидаа утсаар мэдэгдэж нэхэмжлэл гаргаж болно. Ингэхийн тулд даатгалын компанийнхаа дуудлагын утсанд мэдэгдээрэй. Дуудлагын утасны дугаарыг ихэвчлэн таны даатгалын гэрээ болон даатгалын компанийн цахим хуудсанд бичсэн байдаг. Түүнчлэн та бичгээр нэхэмжлэлийн маягт бөглөж, холбогдох баримт бичгийн дагуу нэхэмжлэлээ гаргах шаардлагатай болно.
Аливаа ойлгомжгүй нөхцөл байдал тулгарахад ямар журмын дагуу юу хийх ёстой тухай заавар байдаг эсэхийг лавлаж мэдээрэй. Хэрэв энэ талаар сайн мэдэхгүй байгаа бол даатгалын компаниасаа асууна уу. Жишээ нь, таны машин эвдэрч гэмтсэн бол та өөрийн үйлчлүүлдэг авто засварын газар очих уу, эсвэл даатгалын компанийн заасан засварын газар очихыг шаарддаг уу гэх мэт. Таны машин ямар нэгэн эрсдэлд орвол өөрийн үйлчлүүлдэг авто засварын газар руу шууд битгий утасдаарай. Эхлээд даатгалын компаниасаа тухайн авто засварын газраар үйлчлүүлж болох эсэхийг баталгаажуулж асуугаарай.
Даатгалын компаниас таны нэхэмжилсэн хохирлын нөхөн төлбөрийг мөнгөөр төлж болно. Мөн тэд таны нэхэмжилсэн зүйлийг засах, эсвэл шинээр солих санал гаргаж болно. Ихэнх даатгалын гэрээнд “хэмжээний хязгаарлалт” заасан байдаг бөгөөд энэ нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн тодорхой хувийг та өөрөө төлөх хэрэгтэй болно гэсэн үг.
САНАМЖ
Даатгалын компани, цагдаа, замын цагдаа, гал унтраах ангид хуурамч, буруу мэдэгдэл, нэхэмжлэл гаргаж болохгүй. Хэрэв бодит байдлыг хэтрүүлж мэдэгдсэн, худал ярьсан тохиолдолд даатгалын компани таны нэхэмжлэлийг төлөхөөс татгалзаж болох юм.
Даатгалын төрлүүд
Дараах ухагдахууны талаар эндээс [Даатгал] үзнэ үү:
- Даатгал гэж юу вэ?
- Даатгалын үйл ажиллагаа;
- Даатгалын хамрах хүрээ;
- Даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэх.
Даатгалын ямар төрлүүд байдаг вэ?
Даатгалын гол төрлүүд нь:
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал;
- Таны тээврийн хэрэгслийн даатгал;
- Эд хөрөнгийн даатгал;
- Эрүүл мэндийн даатгал;
- Амьдралын даатгал;
- Гадаадад зорчигчийн даатгал гэх мэт.
Автомашины даатгал
Автомашинтай холбоотой хоёр төрлийн даатгал байдаг:
- Жолоочийн хариуцлагын даатгал. Энэ нь таны буруугаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх даатгал юм. Харин таны машин хулгайл өртөх, эвдэрч гэмтэх зэргээр танд хохирол учирсан бол хохирлыг та өөрөө хариуцна.
- Тээврийн хэрэгслийн даатгал. Энэ нь тээврийн хэрэгсэлтэй холбоотой гэнэтийн эрсдэлээс үүсэх санхүүгийн хохирлыг нөхөн төлдөг даатгал юм. Таны машин болон түүний эд анги хулгайлагдах гэх мэт эрсдэлээс хамгаална.
Жолоочийн хариуцлагын даатгалд заавал даатгуулах ёстой. Хэрэв та жолоочийн хариуцлагын даатгалгүй машин жолоодвол таныг торгох хуулийн зохицуулалтыг анхаарна уу.
Автомашины даатгалын төлбөр хураамж нь даатгалын нэхэмжлэлийн түүх, даатгалын хязгаарлалт, даатгуулагч, хамтран даатгуулагчийн нас болон тээврийн хэрэгсэл жолоодсон туршлага тээврийн хэрэгслийн төрөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Жишээ нь, саяхан жолооч болсон хүний жолоочийн хариуцлагын даатгал харьцангуй өндөр хураамжтай байна. Өмнө нь даатгалын тохиолдол гарган даатгалын компаниас нөхөн төлбөр авч байсан эсвэл тээврийн хэрэгслийн моторын багтаамжийн хэмжээ их бол даатгалын хураамж гол төлөв илүү үнэтэй байдаг.
Хэрэв “автомашины даатгалын” гэрээний дагуу нэхэмжлэл гаргах шаардлагатай бол даатгуулагчаас төлөх нөхөн төлбөр болон таны машины засварын зардал хоёрын хооронд ямагт зөрүү гардаг.
Орон байрны даатгал
Орон байрны даатгал нь шуурга, гал, үер, цахилгаан, хөрсний суулт, гулсалт гэх мэт шалтгааны улмаас үүссэн хохирлыг (орон сууцыг засах, дахин барихтай холбоотой зардал) нөхөн төлдөг даатгал юм. Орон байрны даатгалын ихэнх гэрээ нь зөвхөн “даатгуулсан үнийн дүн”-гийн хэмжээгээр нөхөн төлбөр төлдөг. Байгалийн гамшгийн улмаас таны орон байр, сууц бүрэн сүйрсан тохиолдолд дахин барихад шаардагдах зардлыг нөхөн төлдөг тул бодит үнэлгээгээр орон байраа даатгуулах нь зөв.
Орон сууцны зээл авахад зээлдүүлэгч орон байрны даатгалд даатгуулахыг ихэвчлэн шаарддаг. Орон сууцны зээлгүй байсан ч орон байраа засахад их зардал гардаг тул орон байрны даатгал нь танд мөнгө хэмнэх сайхан арга болж магадгүй.
Эд хөрөнгийн даатгал
Эд хөрөнгийн даатгал нь таны эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохирол, алдагдлыг нөхөн төлөх даатгал юм. Даатгалын үнэлгээ нь хөрөнгийн баршил, хийц, бүтцээс хамааран харилцан адилгүй байна. Даатгалын хураамжийг хөрөнгийн үнэлгээнээс тодорхой хувиар тооцож авдаг.
Амьдралын даатгал
Амьдралын даатгал нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл тохиолдсон үед даатгуулагчийн орлогыг тасалдалгүй байлгах, улмаар тэдний гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулдаг даатгал юм. Тухайлбал, даатгуулагч нас барахад ар гэрийнхэнд нь нөхөн төлбөр төлдөг. Нөхөн төлбөрийг таны гэр бүл таны оршуулгын зардлыг төлөх, гэр бүлийн гишүүдийн өдөр тутмын хэрэгцээтэй зардалд зарцуулах гэх мэтээр ашиглаж болно.
Амьдралын даатгалын нөхөн төлбөрийг зөвхөн таныг нас барсны дараа л төлдөг. Өвдөх, тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тохиолдолд уг нөхөн төлбөрийг олгохгүй.
Хэрэв таны ноцтой өвчин эмгэгтэй бол амьдралын даатгалд хамрагдах боломжгүй. Хэрэв даатгуулбал маш их хэмжээний хураамж төлнө.
Эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн даатгал нь таныг өвдсөн үед эмнэлгийн зардлын төлбөрийг хариуцаж төлдөг даатгал юм.
Таны ноцтой өвчин эмгэгтэй бол эрүүл мэндийн даатгалд тухайн асуудлыг хамруулан даатгуулах боломжгүй. Хэрэв даатгуулбал маш их хэмжээний хураамж төлнө.
Гадаадад зорчигчийн даатгал
Аялал жуулчлал, бизнесийн аяллаар явах үедээ та гадаадад зорчигчийн даатгалд (даатгалын гэрээний нөхцөлөөс шалтгаалан) даатгуулж болно. Даатгалын гэрээний нөхцөлөөс хамаарч та дараах эрсдэлээс хамгаалж даатгуулж болно. Үүнд:
- Нислэг цуцлагдах;
- Танаас хамааралгүйгээр нислэгээс хоцрох;
- Аяллын явцад ачаа тээш, эд зүйлсээ хулгайд алдах;
- Онгоцонд явах үед өвдөж эмнэлгийн тусламж авах;
- Эрүүл мэндийн шалтгааны улмаас таныг гэрт чинь буцааж хүргэх гэх мэт.
Даатгалын компаниуд төрөл бүрийн үйл явдлыг өөр, өөр нөхцөлөөр даатгадаг учраас аль даатгалд даатгуулахаа шийдэхээс өмнө даатгалын гэрээний зүйл, заалт, нөхцөлийг сайтар судлаарай.
Танд ямар төрлийн даатгал хэрэгтэй вэ?
Танд хэд хэдэн төрлийн даатгал хэрэгтэй байж болно. Гэхдээ хүн бүрт бүх төрлийн даатгал хэрэгтэй гэсэн үг бишээ. Ямар даатгалд хамрагдах нь таны хэрэгцээ шаардлага, нөхцөл байдал, хандлагаас хамаарна.
Даатгалд хамрагдах шаардлагатай эсэхээ шийдэхийн тулд даатгалын зардлыг даатгалгүйн улмаас учирч болох хохирлын хэмжээтэй харьцуулж үзээрэй. Дараах гурван гол асуудлыг тунгаан бодоорой. Үүнд:
- Ямар эрсдэлийг даатгуулахыг хүсч байна вэ? Үүнд: Машинаа хулгайд алдах, ослын улмаас эвдэрч гэмтэх, амь насаа алдах (хэрэв таныг нас барвал үүний улмаас үүсэх санхүүгийн үр дагаврыг шийдэхэд нь туслах мөнгийг таны гэр бүл авах боломжтой болно), өвдөх, таны орон гэр галд шатах, хулгай, дээрэмд өртөх гэх мэт.
- Эдгээр эрсдэл учрах магадлал хэр их вэ? Хэрэв эдгээр эрсдэл учирвал юу болох вэ? Таны амьдарч байгаа орон гэр галд өртөх эрсдэл бага байж болох ч хэрэв галын аюул тохиолдвол үүнээс үүсэх хохирол асар их байна. Таны машин эвдэрч гэмтэх, хулгайлагдах эрсдэл харьцангуй өндөр байх ч үүнээс үүсэх хохирол нь орон гэрээ алдсаны улмаас учрах хохирлоос ихгүй байх бизээ. Ихэнх хүмүүсийн хувьд ойрын хэдэн жилд нас барах эрсдэл бага. Гэвч хэрэв та гэр бүлийнхээ гол тэжээгч нь бол таныг нас барахад гэр бүлийнхэн чинь таны оршуулгын зардлыг гаргаж чадах уу? Таны орлогогүйгээр гэр бүлээ тэжээх боломжтой юу? Хэрэв дээр дурдсан эрсдэлийн аль нэг нь тохиолдоход та болон таны гэр бүл эдгээр зардлыг төлөх чадваргүй бол даатгалд хамрагдах талаар бодолцох нь зүйтэй.
- Даатгалд хамрагдахын тулд хэдэн төгрөгийн зардал гаргах вэ? Даатгалд хамрагдах тухай бодож байвал даатгалын компаниас даатгалын хураамжийн хэмжээ, учирсан хохирлын хэдэн хувийг нөхөн төлдөг тухай асууж мэдээрэй. Жишээ нь, хэрэв та амь насны даатгалтай байгаад нас барвал таны гэр бүл хэдэн төгрөгийн нөхөн төлбөр авах, эсвэл хэрэв таны орон гэр галд шатвал даатгалын компаниас хэдэн төгрөгийн нөхөн төлбөр олгох гэх мэт.
Судалгаа хийж харьцуулах
Даатгалын гэрээ байгуулахаасаа өмнө даатгалын компаниудыг харьцуулан судлаарай. Даатгалын компани тус бүрийн санал болгож буй даатгалд хамруулах нөхцөлүүд, даатгалын хураамж зэргийг харьцуулж үзээрэй.
Даатгалын гэрээнд хэрхэн судалгаа хийж харьцуулах тухай зааварчилгааг эндээс [Даатгал хэсгийн “Судалгаа хийж харьцуулах”] үзнэ үү.