- Share : 28
- Уншсан : 31937
- 7 сарын 26
Ирээдүйн хэрэгцээнд зориулсан хадгаламж
Хадгаламж яагаад хэрэгтэй вэ?
Хадгаламжтай болох нь танд болон танай гэр бүлд гэнэтийн асуудал (эмчилгээний зардал гэх мэт) тулгарах үед санхүүгийн хамгаалалт болно. Мөн ирээдүйн зорилгоо хэрэгжүүлэх (боловсрол эзэмших, бэлэг хандив өгөх, аялалаар явах), төлөвлөж буй зүйлсийг (орон байр, машин, тавилга гэх мэт) худалдан авах боломжийг олгоно.
Хадгаламжаа тогтмол нэмэгдүүлж, өсгөх нь дараах ач холбогдолтой. Үүнд:
- Мөнгөө зөв удирдаж сурах;
- Гэнэтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санхүүгийн боломжтой байх;
- Ирээдүйд гарах хэрэгцээг хангах чадвартай байх;
- Зээл бага авах, хүүний нэмэлт зардал гарахаас сэргийлэх;
- Санхүүгийн талаар сэтгэл бага зовох;
- Нэмэлт орлого олох гэх мэт (жишээлбэл, хадгаламжийн хүүний орлого).
Хуримтлалын (хадгаламжийн) төлөвлөгөө гаргах
Хуримтлалын зорилго өмнөө тавьж, зорилгодоо хэрхэн хүрэх төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Үүний тулд дараах алхмуудыг хийгээрэй. Үүнд:
- Зорилгоо тодорхойлох: Та өөрийн амьдралын болон санхүүгийн зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл, гэр бүл зохиож, хүүхэдтэй болсон үедээ хэрэгцээт зардлыг төлөх чадвартай болох.
- Зорилгодоо хүрэхийн тулд нийт хичнээн хэмжээний мөнгө хуримтлуулах шаардлагатайг тооцно. Жишээлбэл, хүүхийнхээ их сургуулийн сургалтын төлбөрийг төлөхөд нийт 10.0 сая төгрөг хэрэгтэй болно гэх мэт.
- Долоо хоног эсвэл сард хичнээн хэмжээний мөнгө хадгалах боломжтой, хэдий хэр хугацааны турш хадгалахаа тооцоолоорой.
САНАМЖ
Мөнгө хадгалах нь таны бодож байгаагаас илүү амархан. Та хэр хэмжээний мөнгө хадгалж чадах талаар бодит хэрэгжихүйц шийдвэр гаргах хэрэгтэй. Зорилгоо тодорхойлоод, төлөвлөгөөгөө гаргавал ирээдүйд таны тавьсан зорилго бодит болж биелэх учиртай.
Та хэдэн төгрөг хадгалах боломжтойгоо тооцох хэрэгтэй. Та 900000 төгрөгийн үнэтэй компьютер худалдаж авахыг зорьж мөнгө хадгалахаар боллоо гэж бодъё л доо. Тэгвэл та 9 сарын турш сар бүр 100000 төгрөг, эсвэл, 18 сарын турш сар бүр 50000 төгрөг хадгалж болно. Та сард хэдэн төгрөг хадгалах боломжтой, мөн хэдий хэр хугацааны турш хадгалахыг хүсэж байгаагаас хамаарч (дээрх жишээгээр, тухайн компьютерийг хэзээ худалдаж авахыг хүсэж байгаа) шийдвэр гаргах хэрэгтэй.
Та хадгаламжийн төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлж байгаагаа дүгнэж, өөрчлөлт оруулж болно. Жишээлбэл, шаардлагатай гэж үзвэл, зорилгодоо хүрэхийн тулд долоо хоног бүр, сар бүр хадгаламждаа хийх мөнгөнийхөө хэмжээг өсгөж болно.
Хэрэв төлөвлөсний дагуу тухайн хэмжээний мөнгийг хадгалахад хэцүү байвал, төсвөө хянаж, ямар хэмнэлт хийж хадгалах мөнгөний хэмжээг нэмэгдүүлж болохыг судлаарай.
Зардалаа хэрхэн хэмнэх талаар мэдэхийг хүсвэл энд [Зардалаа хэмнэх нь] дарна уу.
Та гэр бүл, найз нөхөддөө хичнээн хэмжээний мөнгө хадгалах зорилт тавьж байгаа тухайгаа хэлж, зөвлөж болох юм. Энэ нь танд хадгаламжийн төлөвлөгөөнийхөө дагуу мөнгөө хадгалах урам зоригийг өгөх болно.
ЗӨВЛӨГӨӨ
Хэрэв та өндөр хүүтэй мөнгө зээлсэн бол мөнгө хадгалж эхлэхээсээ өмнө зээлээ төлж дуусгах нь чухал.
Гэнэтийн хэрэгцээнд зориулсан хадгаламж
Юуны түрүүнд онцгой асуудал тулгарах буюу гэнэтийн хэрэгцээ гарсан үед хэрэглэх зорилгоор мөнгө хадгалах нь зүйтэй. Гэнэт өвдсөн үед эмчилгээний зардал төлөх, ажилгүй болох гэх мэт гэнэтийн асуудал тулгарах үед хэрэглэх мөнгөтэй байх нь чухал. Хамгийн багадаа гурван сар хэрэглэх хэмжээний мөнгийг гэнэтийн хэрэгцээнд зориулж хадгалах хэрэгтэй. Хэрэв та сард 1.0 сая төгрөгийг түрээс, хоол, цахилгаан дулаан болон бусад зайлшгүй хэрэгцээнд зарцуулдаг гэж үзвэл, та багадаа 3.0 сая төгрөгийг онцгой байдлын үед хэрэглэхээр хадгалбал зохино. Хэрэв уг хэмжээний мөнгийг тэр даруй хуримтлуулах боломжгүй бол санаа зовох хэрэггүй, тодорхой хугацааны зорилго тавьж, түүнийгээ хэрэгжүүлээрэй.
САНАМЖ
Гэнэтийн хэрэгцээнд зориулж хадгалсан мөнгийг зөвхөн онцгой байдлын үед л хэрэглээрэй. Хэрэв өөр зорилгоор хадгаламжаасаа мөнгө авсан бол боломж гармагц буцааж хийх хэрэгтэй.
Хэрэв боломжтой бол гэнэтийн хэрэгцээнд зориулж хадгалж буй мөнгөө тусад нь дансанд хийгээрэй. Тэгвэл та уг данснаас “энгийн үед” мөнгө авах гээд байхгүй амар болно.
Тодорхой нэг зүйл, тэмдэглэлт үйл явдалд зориулж мөнгө хадгалах
Гэнэтийн хэрэгцээнд зориулсан хадгаламжтай болсон бол та дараах зүйлсэд зориулж мөнгөө үргэлжлүүлэн хадгалж болно. Үүнд:
- Таны болон таны гэр бүлийнхний боловсрол;
- Машин;
- Бэлэг (жишээлбэл, төрсөн өдрийн, хуримын, шинэ хүүхэд төрсний гэх мэт);
- Тавилга болон бусад гэр ахуйн хэрэгсэл;
- Хурим;
- Хүүхэд төрүүлсний дараа гарах зардал;
- Гэр бүлээрээ аялал, амралтанд явах;
- Байрны засвар;
- Байраа томсгох;
- Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр гэх мэт.
Зарим хүмүүст мөнгө хадгалах урам зориг дутагддаг. Гэхдээ зорилго тавиад хадгалж эхэлбэл илүү амархан байдаг. Энэ нөхцөлд сар бүр мөнгө хийж байна гэж бодохоосоо илүү зорилгодоо хүрмэгц уг мөнгөөр юу хийж бүтээх тухайгаа бодож урамшдаг.
ЗӨВЛӨГӨӨ
ӨНӨӨДРӨӨС эхэлж мөнгө хадгалаарай. Эртнээс хадгалж эхэлвэл, зорилгодоо эрт хүрнэ. Нэг төгрөг хадгалах нь нэг төгрөг олсноос ялгаагүй.
Хадгаламжаа тогтмол нэмэгдүүлэх
Хадгаламжаа тогтмол нэмэгдүүлэхийг хичээх хэрэгтэй. Цалингаа авмагц хадгаламждаа тогтмол мөнгө хийж заншаарай. Үлдсэн мөнгөө хадгална гэж бодвол хадгаламжид хийхээр байсан мөнгөө үрэх эрсдэлтэй.
Сар бүр таны дансанд цалин орсны дараа хадгаламжийн данс руу тань шууд тодорхой хэмжээний мөнгө автоматаар шилжиж ордог захиалгат шилжүүлгийн үйлчилгээг (хэрэв таны харилцагч банк ийм үйлчилгээ үзүүлдэг бол) авах хэрэгтэй. Энэ нь танд хадгаламжийн зорилгодоо хүрэхэд туслах бөгөөд хадгаламждаа мөнгө хийж чадалгүй байсаар мөнгөө үрж дуусгах эрсдэлээс хамгаална.
ЗӨВЛӨГӨӨ
Та хадгаламждаа тогтмол мөнгө хийж байнга нэмэгдүүлбэл, таны хадгаламж тун хурдан өсөх болно.
Хүүний орлого олох
Та мөнгөн хадгаламжийн данс нээлгэсэн тэр мөчөөс таны хадгаламжид хүү тооцогдож эхэлдэг. Таны хадгаламжийн хэмжээ хүүний орлогын хэмжээгээр нэмэгдэх болно.
Хүүнээс хүү боддог хадгаламжийг нийлмэл хүүтэй хадгаламж гэх бөгөөд урт хугацаанд таны хадгаламжийг өсгөж, хадгаламжийн данс нээлгэсний ач тус гардаг.
Нийлмэл хүү
Та 50000 төгрөгийг 8 хувийн хүүтэй хадгаламжийн дансанд хийсэн гэж үзье. Тэгвэл ирээдүйд таны хадгаламж (таны анх хадгалсан мөнгөн дээр хугацааны эцэст бодогдсон хүүний орлогыг нэмсэн дүнгээс хүү тооцвол, өөрөөр хэлбэл, нийлмэл хүү тооцвол) ямар хэмжээгээр өсөхийг доорх хүснэгт харуулж байна.
Жил |
Таны хадгалсан мөнгөний хүүнээс хүү тооцохгүй, зөвхөн анх хийсэн 50000 төгрөгөөс хүү тооцох бол |
Таны хадгалсан мөнгөний хүүнээс хүү тооцох бол
|
Эхний жилийн эцэст |
54000 төгрөг |
54000 төгрөг |
2 дахь жилийн эцэст |
58000 төгрөг |
58320 төгрөг |
3 дахь жилийн эцэст |
62000 төгрөг |
62986 төгрөг |
4 дэхь жилийн эцэст |
66000 төгрөг |
68024 төгрөг |
5 дахь жилийн эцэст |
70000 төгрөг |
73466 төгрөг |
10 дахь жилийн эцэст |
90000 төгрөг |
107946 төгрөг |
Тэгэхээр хүүнээс хүү тооцвол таны хамгийн анх хадгаламжийн дансандаа хийсэн 50000 төгрөг 10 жилийн дараа 17946 төгрөгөөр илүү өсөхөөр байна. Харин хүүнээс хүү тооцохгүй буюу энгийн хүүний аргаар хүү тооцсон бол таны дансанд энэ хэмжээний мөнгө нэмэгдэж орохгүй гэсэн үг.
Мөнгөө хамгийн баталгаатай газар хадгалуулах
Мөнгө хадгалж болох газрууд |
Хүүний орлого олох эсэх |
Мөнгөө авахад хэр хугацаа шаардагдах вэ? |
Ямар эрсдэл учирч болох вэ? |
Гэртээ нуух |
Үгүй |
Хугацаа шаардагдахгүй |
Таны мөнгийг хулгайлж болно. Эсвэл гэрт тань гал гарвал шатаж үрэгдэх эрсдэлтэй. |
Банкны харилцах дансанд хадгалах |
Үгүй |
Та мөнгөө банк нээлттэй байх үед шууд авах боломжтой. Мөн бэлэн мөнгөний машинаас авах боломжтой. |
Арилжааны банкны үйл ажиллагааг Монголбанк зохицуулдаг. Хэрэв тухайн банк дампуурвал хүн тус бүрийн 20.0 сая төгрөг хүртэлх хэмжээний мөнгөн хадгаламж хуулиар хамгаалагдах боломжтой. Илүү мэдээлэл авахыг хүсвэл энд [Хадгаламжийн Даатгалын Тогтолцоо] дарж үзнэ үү. |
Банкинд хадгаламжийн дансанд хадгалах |
Тийм. Хадгаламжийн дансууд янз бүрийн хүүг санал болгодог. Та данс нээлгэхээсээ өмнө банкны санал болгож буй хүүг хооронд нь харьцуулах хэрэгтэй. |
Хадгаламжийн дансууд янз бүрийн хугацаатай байдаг. Та данс нээлгэхээсээ өмнө ямар хугацаагаар хадгалуулахаа шийдэх хэрэгтэй. Хэрэв хугацаатай хадгалуулсан бол хугацаанаас өмнө мөнгөө авахад тодорхой хэмжээгээр олох байсан хүүний орлогоо алдана. |
Хэрэв та хадгаламжийн данс нээлгэхээр шийдсэн бол данс нээлгэж болох газруудыг судалж, хамгийн найдвартайг нь сонгох хэрэгтэй. Та тэдний санал болгож буй хүүний хувь болон бусад нөхцөлүүдийг (жишээлбэл, их хэмжээний бэлэн мөнгө данснаасаа авахын тулд хэдэн өдрийн өмнө мэдэгдсэн байх ёстой) харьцуулж, өөрт хамгийн ашигтайг сонгоорой. Гэнэтийн хэрэгцээнд зориулан мөнгө хадгалах гэж байгаа бол данснаасаа бэлэн мөнгө авахын тулд олон өдрийн өмнө мэдэгдэх шаардлагагүй тийм дансыг сонгох нь зүйтэй. Учир нь гэнэтийн асуудал тулгарсан үед та мөнгөө шууд гаргаж авах боломжтой байх хэрэгтэй. Харин та урт хугацааны турш мөнгө хадгалахыг хүсэж байвал (жишээлбэл, байраа томсгоход зориулж мөнгө хадгалах бол) өндөр хүүтэй хадгаламжийн дансыг сонгох нь зөв.
Хадгаламжийн янз бүрийн данс байдаг. Тухайн хадгаламжийн данстай холбогдож ямар төрлийн хураамж, шимтгэл авдаг талаар лавлаж асуугаарай. Мөн мөнгөө хугацаанаас нь наана авбал ямар нэг торгууль байгаа эсэхийг бас лавлаарай.
Хадгаламжийн дансны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд [Хадгаламжийн данс] дарж үзнэ үү.
Манай хадгаламж тооцоолдог машиныг ашиглаарай.
Манай хадгаламж тооцоолдог машинаар дараах тооцооллыг хийж болно. Үүнд:
- Тодорхой хэмжээний мөнгийг хуримтлуулахад хичнээн хугацаа шаардагдах;
- Төлөвлөсөн хэмжээний мөнгийг тодорхой хугацаанд хуримтлуулахын тулд хичнээн хэмжээний мөнгийг тогтмол хадгалах;
Хадгаламжийн дансны хүү харилцах дансны хүүнээс илүү өндөр байдаг.
Хугацаатай хадгаламжийн данснаасаа хугацаа дуусахаас нь өмнө мөнгө авахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв хугацаанаас нь өмнө хадгаламжаасаа мөнгө авбал гэрээнд заасан хүүг бууруулж тооцдог.
Та интернет болон мобайл банкны үйлчилгээг ашиглан, эсвэл, банкны салбар дээр биеэр очиж дансаа шалгах боломжтой.
Хадгаламжийн данс нээлгэх нь
Хадгаламжийн данс нээлгэхийн тулд та 18 хүрсэн байх ёстой. Гэхдээ эцэг, эх нь хүүхдүүддээ нас харгалзахгүйгээр данс нээж өгч болно.
Та банкинд данс нээлгэхийн тулд иргэний үнэмлэхээ авч очих хэрэгтэй.
Хэд хэдэн газраар орж судалж үзэх
Та аль ч банкинд хадгаламжийн данс нээлгэж болох бөгөөд хэд хэдэн төрлийн хадгаламжийн данснаас сонголт хийх боломжтой. Сонголт хийхээс өмнө хадгаламжийн дансны төрөл (хугацаатай, хугацаагүй, тогтмол ба хувьсах хүүтэй, инфляцитай уялдсан хадгаламжийн данс гэх мэт), гэрээний нөхцөл, тэр дундаа банкны шимтгэл, хураамж, мөнгөө хэр хурдан авч болох хугацаа, нэг удаа бэлнээр авах мөнгөний дээд хязгаар зэргийг судалж мэдэх хэрэгтэй.
Банкууд хоорондоо ялгаатай үйлчилгээг санал болгодог тул аль нь танд илүү тохиромжтой, ашигтай вэ? гэдгийг мэдэхийн тулд сайн судлах нь зөв. Банкуудын гэрээний нөхцөлийг хооронд нь харьцуулах хэрэгтэй. Дараах чухал зүйлүүдийг бодолцож үзээрэй. Үүнд:
- Хүүний хэмжээ, ямар давтамжаар хүү бодогдох, хэр урт хугацаанд анхны тохирсон хүү үргэлжлэх;
- Дансны үлдэгдлийн заавал байх доод хэмжээ;
- Банкны шимтгэл, хураамж;
- Мөнгө авахын тулд хэдэн өдрийн өмнө урьдчилж банкиндаа мэдэгдсэн байх ёстой;
- Хэдэн удаа мөнгө гаргаж авах боломжтой;
- Хэрэв хугацаанаас өмнө мөнгө гаргаж авбал, хэр хэмжээний хүү алдах;
- Хадгаламжийн данстай холбогдсон харилцах данс байх ёстой эсэх;
- Банкуудын байрлал нь танд ойрхон эсэх;
- Тухайн банк интернет болон телефон банкны үйлчилгээ үзүүлдэг эсэх (хэрэв танд чухал бол);
- Тухайн банкны үйлчилгээний талаар таны итгэж найддаг хүмүүс юу гэж боддог гэх мэт.
Ирээдүйдээ зориулж мөнгө хадгалах
Ирээдүйдээ зориулж мөнгө хадгалах тухай зөвлөгөө, мөнгө хадгалах нь танд болон танай гэр бүлд ямар тустай болох, хэрхэн хадгалах талаарх зөвлөгөөг энд [Ирээдүйдээ зориулж мөнгө хадгалах нь] дарж уншина уу.
Дансны хуулгаа шалгах
Та дансны хуулгаа авах тоолондоо таны хийсэн орлого, гаргасан зарлага таарч байгаа эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Ингэхийн тулд та өөрөө орлого, зарлагаа давхар бичиж тэмдэглэдэг байх хэрэгтэй. Таны тооцоотой таарахгүй тохиолдолд та банкнаас асууж лавлаарай.
Татвар төлөх
Хадгаламжийн хүүний орлогыг та татварын тайландаа тусгах ёстой.