ҮНИЙГ ТОЙРСОН ГОЛ ОЙЛГОЛТУУД
  • Share : 0
  • Уншсан : 970
  • 2 сарын 18

Үнийг тойрсон гол ойлголтууд

Амьжиргаа ба үнэ

21-р зуунд ихэнх хүмүүс өөрсдийн хэрэгцээт зүйлсээ дэлгүүрээс худалдаж авдаг болсон. Энэ нь хоол хүнснээс эхлээд хувцас хунар, орон байраа хүртэл бүгдийг өөрөө хийдэг эрт дээр үеэс ялгаатай юм. Хэрэглээний бүхий л зүйлээ өөрөө бэлдэх бус, зах зээл дээрээс худалдаж авдаг 21-р зууны амьдралд бараа үйлчилгээний үнэ иргэдийн амьжиргаанд чухал нөлөөг үзүүлдэг. Иймд үнэ хэрхэн өөрчлөгдөх нь аливаа улсад чухал эдийн засгийн үзүүлэлт болдог байна. Жирийн нэг дэлгүүрт ороод харахад л зах зээл дээр маш олон төрлийн бараа үйлчилгээ бий гэдэг нь ойлгогдоно. Тэгвэл зарим барааны үнэ нэмэгдэж, зарим нь хямдарч байгаа нөхцөлд бидний амьжиргаанд үнэ хэрхэн нөлөөлж байгааг мэдэх нь амаргүй юм. Иймд эдийн засагчид дундаж өрхийн хамгийн түгээмэл хэрэглэдэг зүйлсийг багц болгон “хэрэглээний сагс” үүсгээд, сагсанд багтсан бараа үйлчилгээний үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж байгааг ажигладаг. Эдийн засаг дахь үнийн түвшний ерөнхий өөрчлөлт буюу хэрэглээний сагсны үнийн өөрчлөлтийг инфляци гэж нэрлэх нь түгээмэл юм. Хэрэглээний сагсны бүтэц нь аливаа улсын онцлогоос хамаарна. Тухайлбал нэг хүнд ногдох орлого нь $40 мянга давсан Японд хэрэглээний сагс 580 орчим бараа үйлчилгээнээс бүрддэг. Харин Монгол айл өрхүүдийн хэрэглээг 370 орчим төрлийн бараа үйлчилгээгээр төлөөлүүлдэг байна. Мөн аль бараа үйлчилгээ өрхийн зардлын гол хэсгийг бүрдүүлдгээс хамаарч сагсанд эзлэх жин, инфляцид үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал хөгжсөн орнуудад өрхүүд хэрэглээний зардлынхаа 10% хүрэхгүйг хүнсэнд зарцуулдаг бол монгол өрхүүдийн хувьд хэрэглээний зардлын 10% нь зөвхөн мах байдаг. Иймд махны үнийн өөрчлөлт инфляцид, айл өрхийн амьжиргаанд чухал нөлөөтэй байна. Хэрэглээний сагсны үнийн өөрчлөлт цалин орлогын өсөлтөөс хурдтай нэмэгдсэн тохиолдолд худалдан авах чадвар муудаж амьжиргаа доройтож буйн илрэл тул орлогын өсөлтийг үнийн өсөлтөөс өндөр байлгах нь чухал юм.

Үнэ ба эдийн засаг

Зах зээлийн тогтолцоонд үнэ хэмээх үзүүлэлт бизнесийн үйл ажиллагаа, эдийн засаг хэр идэвхтэй өрнөж буйг илэрхийлдэг үзүүлэлт болдог. Аливаа барааны үнэ өсч байгаа нь нэг талаас хэрэглэгчдийн худалдан авах чадвар сайн байгаагийн илрэл юм. Харин бизнес эрхлэгчдийн өнцгөөс харвал эрэлт өндөртэй, үнэ нь өсөлттэй байгаа тухайн бараа үйлчилгээг үргэлжлүүлэн үйлдвэрлэх, хэрэглэгчдэд зарж борлуулах болгох хөшүүрэг болдог. Борлуулалт сайн байна гэдэг нь компанин аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдын цалин орлого нэмэгдэж, эргээд зах зээл дээрээс бараа үйлчилгээ худалдан авах чадвар нэмэгдэнэ гэсэн үг юм. Иймд эдийн засагт үнийн ерөнхий түвшин буюу инфляци өсөлттэй байна гэдэг нь иргэдийн цалин орлого өсөлттэй, үйлдвэрлэл үйлчилгээ идэвхтэй өрнөж буйн илэрхийлэл болдог.

Гэвч компани аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэх, борлуулах чадвараас давсан эрэлт бий болох нь үнийн хэт хөөрөгдлийг үүсгэх эрсдэлтэй. Мөн цаг агаар, тээвэрлэлт, түүхий эдийн хомсдол зэрэг нийлүүлэлтийн шалтгаанаар үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний үнэ хурдтай өсөх тохиолдол бий. Тухайлбал, ургац алдсанаар хүнсний үнэ огцом өсөх тохиолдлыг нэрлэж болно. Хөгжиж буй орнуудын хувьд зам дэд бүтцийн хөгжил тааруу, үйлдвэрлэлийн багтаамж бага зэргээс шалтгаалан нийлүүлэлтийн гаралтай инфляцийн хэлбэлзэл их байх нь түгээмэл байдаг.

Үнэ ба зохицуулалт

Үнэ хэдийгээр айл өрхийн амьжиргааны түвшинд чухал нөлөөтэй ч, өөрчлөлтгүй тогтмол байх эсхүл үнийн түвшин буурч дефляци үүсэх нь эдийн засагт сайнгүй юм. Үүний нэг жишээ нь ЗХУ-ын үеийн төвлөрсөн төлөвлөөт эдийн засаг, эсвэл дефляци урт хугацаанд асуудал болж буй Японы эдийн засаг юм. Үнийг төрөөс тогтоодог ЗХУ-ын тогтолцооны үед үнэ тогтмол тул зах зээл дээрх эрэлт ба нийлүүлэлтийг тэнцвэртэй байлгах, эдийн засгийн идэвхжлийн байдлыг илэрхийлэхээ больсон байдаг. Улмаар зарим бараа илүүдэл нийлүүлэлттэй, харин зарим бараа хомсдолтой учраас дэлгүүрт очерь дараалал их үүсдэг байв. Энэ нь эцэстээ эдийн засаг үр ашиггүйгээс болж нурж унахад хүргэсэн байдаг. Харин Японы эдийн засгийн хувьд, хүн ам хурдтай хөгширч цөөрч байгаа тул худалдан авалт буурч, эдийн засаг нь дефляцийн дарамтанд удаан хугацаанд явж байна. Энэ нь бизнесийн байгууллагуудын борлуулалтад сөргөөр нөлөөлж, шинээр хөрөнгө оруулалт хийхгүй байх, үйл ажиллагаагаа тэлэхгүй болох, улмаар эдийн засгийн идэвхжил саарах зэрэг үр дүнд хүргэжээ. Түүнчлэн, инфляци өсөхгүй байх, дефляци бий болох нь өр төлбөртэй хүмүүсийн хувьд хүндээр тусдаг. Учир нь инфляцийн нөлөөгөөр мөнгөний үнэ цэнэ унахгүй тул өрийн дарамт ихэсдэг байна. Эсрэгээрээ, үнэ хурдтай өсөх нь өрхийн амьжиргааг доройтуулж ядуурал болон нийгмийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх, мөнгөний үнэ цэнийг унагаснаар хадгаламж эзэмшигчийг хохироож, бизнесийн байгууллагууд ч төлөвлөлтөө хийхэд саад учруулдаг. Иймд үнэ хэт хурдтай өсөх бус, тогтмол байх бус, буурах бус харин тогтвортой бөгөөд нам түвшинд өсөлттэй байх нь эрүүл эдийн засгийн шинж тэмдэг юм. Үүнийг макро бодлогоор зохицуулдаг бөгөөд эдийн засгийн идэвхжил, орлогын өсөлт ба инфляцийн зохистой түвшнийг хадгалахад төв банкууд мөнгөний бодлогоор зохицуулалт хийдэг. Мөнгөний бодлого ямар нэгэн бүтээгдэхүүний үнийг тодорхой түвшинд байлгахыг зорьдоггүй бөгөөд, үннийн ерөнхий түвшний өөрчлөлтийг анхаардаг байна. Харин зарим бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гаралтай үнийн огцом хэлбэлзлийг тогтвортой байлгахад Засгийн газрууд анхаардаг. Тухайлбал, ядуу эмзэг бүлгийг үнийн өсөлтөөс хамгаалахад чиглэсэн халамжийн бодлого хэрэгжүүлэх, хүнс болон тог цахилгаан, бензин гэх мэт онцгой чухал бараа бүтээгдэхүүн дээр салбар хариуцсан яамнаас нийлүүлэлтийн болоод үнийн зохицуулалт хийх, дэд бүтцийг хөгжүүлэх замаар үнэд үзүүлэх нөлөөллийг багасгах гэх мэт арга хэмжээг дурдаж болно. Гэхдээ эдгээр арга хэмжээ нь зах зээлд томоохон гажуудал үүсгэхгүй байх, улсын төсөвт буюу татвар төлөгчдийн нуруун дээр том дарамт учруулахгүй байх нь чухал юм.

Холбоотой зөвлөгөө