“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2021” АЯНЫГ НЭЭВ
  • Share : 0
  • Уншсан : 1332
  • 3 сарын 30

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс зохион байгуулдаг “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног” аяны нээлтийг 3-р сарын 22-ны өдөр цахимаар хийлээ. Хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготойгоор жил бүр тус аяныг зохион байгуулдаг. Энэ жилийн уриа үг нь “Суралц-Хуримтлуул-Өсгө” бөгөөд Монголбанкнаас 2013 оноос холбогдох байгууллагуудтай хамтран тэмдэглэж ирсэн билээ.

Аяныг Монголбанк, БШУЯ, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын Банкны Холбоо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын үндэсний төв, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан болон арилжааны банкууд хамтран 3 дугаар сарын 22-оос 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хэрэгжүүлнэ. Энэ үеэр оролцогч талууд “Монгол Улс дахь санхүүгийн боловсролын өнөөгийн байдал ба цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн нээж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван хэлсэн үгэндээ Монголбанк "Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийг 2016 оноос хойш бусад байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.  Санхүүгийн мэдлэгтэй иргэдтэй байх нь улс орны эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлдөг. Тиймээс ч санхүүгийн боловсрол олгох бодлогыг төв банкнаас 2013 оноос Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд тусгаж ирсэн гэдгийг онцлов.

Тус аяны үеэр хамтрагч байгууллагуудтай “Мөнгөө хэрхэн удирдах вэ”, “Хувь хүний санхүү ба өрхийн төсөв”, “Зардал ба хуримтлал”, “Цахим мөнгө” зэрэг сэдвээр сургалтууд зохион байгуулж, олон нийтэд мэдээлэл өгнө.

Холбоотой зөвлөгөө