МӨНГӨӨ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ?

Төсөв зохиох нь

Мөнгөө зөв зүйлд зарцуулж, хуримтлал үүсгэхийн тулд төсөв зохиож, төсвийн дагуу зарцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мөнгө санхүүгээ зөв удирдаж, амьдралаа ухаалгаар авч явахад тань төсөв чухал үүрэгтэй.

Төсөв нь таны олж буй орлого (жишээлбэл, цалин хөлс), мөнгөний зарцуулалт, хуримтлал, хадгаламжийн хэмжээг харуулдаг.

Олж буй орлогоосоо хэтрүүлж мөнгө зарцуулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв таны орлого хэрэгцээг тань хангаж хүрэлцэхгүй бол зээл авах шаардлага үүсдэг. Зээл авах нь зарим нэг зүйлийг худалдан авах боломж олгодог ч зээлийн хүүний нэмэлт зардал гарна. Түүнчлэн олсон орлогоосоо зээлээ төлж дуустал сар бүр зээлийн төлбөр төлөх шаардлагатай болдог.

Хэрэв таны зарлага орлогоос тань их байвал мөнгөө юунд зарцуулсан, мөн хэмнэлт хийх ямар боломж байгаа талаар бодож үзэх хэрэгтэй.  Онцын шаардлагагүй зүйлсээс татгалзаж, хэмнэлт хийж чадвал (тухайлбал, түлш бага зарцуулдаг машин жолоодох,  үнэтэй ресторанд хоол идэхээ болих гэх мэт) та орлогодоо тохируулан мөнгөө зарцуулдаг болно.

Мөнгө зарцуулахаасаа өмнө танд болон таны гэр бүлд юу хэрэгцээтэй байгааг тодорхойлоорой. Тансаг хэрэглээний зүйлс худалдаж авахаасаа өмнө чухал хэрэгтэй зүйлсээ худалдаж авах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хэрэгцээ ба хүслээ ялгаж сурах хэрэгтэй.

Хэрэгцээ ба хүслийн ялгааг мэдэхийг хүсвэл энд [Хэрэгцээ ба хүсэл] дарна уу; харин мөнгөө хэрхэн зөв зохистой зарцуулах талаар зөвлөгөө авахыг хүсвэл энд [Мөнгөө зөв зохистой зарцуулах нь] дарна уу.

Хэмнэлт хийх боломжийг олохын тулд хэдэн төгрөгийг юунд зарцуулснаа бичиж тэмдэглэж заншаарай. Орлого, зарлагаа бүртгэхдээ тэмдэглэлийн дэвтэр, тооцоолол хийх хүснэгт, компьютерын бэлэн програм ашиглаж болно. Мөнгөө юунд зарцуулснаа мартахгүйн тулд өдөр бүр тэмдэглэх хэрэгтэй. Хэрэв танд баримт өгсөн бол баримтаа санамж болгон хадгалах хэрэгтэй. Шоколад, аяга кофе, бохь зэргийг бага гэлтгүй бичиж тэмдэглэх нь чухал. Учир нь,  өдөр тутмын бага хэмжээний зарцуулалт сар, жилийн хугацаанд тооцож үзэхэд их хэмжээний дүнтэй болсон байдаг.

Зардлаа багасгаж, мөнгөө хэмнэхийн зэрэгцээ, орлогоо өсгөх боломжийг хайх хэрэгтэй. Орлогоо өсгөснөөр хуримтлал үүсгэх, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой болно.  

Төсөв хэрхэн зохиох болон амьдралд хэрэгжихүйц жишээ, зөвлөгөө авъя гэвэл энд [Төсөв зохиох нь]дарна уу.

САНАМЖ!

Амьдралын нөхцөл байдал байнга өөрчлөгддөг, тиймээс нөхцөл байдалд тохируулан төсвөө тогтмол шинэчлэх хэрэгтэй.

Зээл авах

Зээл авч юм худалдаж авахаасаа өмнө, та өөрөөсөө ингэж асуугаарай.
  • Энэ зүйл надад үнэхээр хэрэгтэй юу?
  • Хэрэв үнэхээр хэрэгтэй бол, зээл авалгүйгээр худалдаж авах өөр арга байна уу?
  • Өөр арга байхгүй бол, бага хүүтэй мөнгө зээлэх боломж байна уу?
  • Би авсан зээлээ эргүүлээд хүүний хамт төлөх боломжтой юу?

САНАМЖ!

Зээл авах үед сайхан байх боловч эргүүлж төлөхөд янз бүрийн бэрхшээл учирдаг.   Иймээс үнэхээр шаардлагатай биш бол мөнгө зээлэхээс зайлсхийгээрэй.

Зээл авах, зээлээ эргүүлэн төлөх тухай зөвлөгөөг энд [Хариуцлага хүлээн зээл авах нь] дарж үзнэ үү.

 

Зээлээ эргүүлж төлөх нь

Хэрэв та хэд хэдэн газраас зээл авсан, эсвэл, зээлийн картын төлбөрөө хийх ёстой бол, хамгийн өндөр хүүтэйгээс эхлэн төлж дуусгах хэрэгтэй. Ингэхдээ тухайн зээлийн гэрээнд тусгагдсан гэрээний нөхцөлүүдийг зөрчихгүй байх нь чухал. Зээлийн гэрээний дагуу сар бүр төлөх ёстой төлбөр, зээлийн картын төлбөл зохих доод хэмжээг заавал төлөх ёстой.

Та төлөх ёстой зээлийн хэмжээг хараад цөхрөнгөө барсан үедээ ч зээлээ төлөхийг ямагт хичээх хэрэгтэй. Зээлээ төлөхийг шаардсан нэхэмжлэлүүдийг үл ойшоох нь байдлыг дээрдүүлэх биш харин бүр хурцдуулна. Асуудлыг шийдэхийн тулд хэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаагаа тодорхой мэддэг байх нь чухал. Хэрэв зээлээ эргүүлж төлөх боломжгүй байдалд орсон бол зээлдүүлэгчтэйгээ холбоо барьж, учир байдлаа тайлбарлах хэрэгтэй.

Хэрэв та зээлээ төлж чадахгүй хэцүү байдалд байгаа бол хэрэгтэй зөвлөгөөг энд [Зээлийн төлбөрийг барагдуулах нь] дарж үзнэ үү.

Ирээдүйдээ зориулан мөнгө хадгалах (хуримтлал үүсгэх)

Гэнэт өвдөх, ажлаас халагдах гэх мэт онцгой асуудал тулгарсан үед хэрэглэх зориулалттай хадгаламжтай байх хэрэгтэй. Наанадаж гурван сар зарцуулах хэмжээний мөнгийг хуримтлуулж, гэнэтийн хэрэгцээ гарсан үед хэрэглэх нь зөв. Энэ хэмжээний мөнгийг нэг дор хадгалах боломжгүй бол санаа зовох хэрэггүй, харин ийм хэмжээний мөнгийг хадгална гэсэн зорилт тавих хэрэгтэй.

Гэнэтийн хэрэгцээ гарсан үед хэрэглэх мөнгөө хуримтлуулж гүйцсэнийхээ дараа, та дараах зүйлд зориулж мөнгө хадгалж болох юм. Үүнд:

  • Хүүхдийн сургууль, боловсрол;
  • Төрсөн өдрийн бэлэг;
  • Гэр бүлийн амралт, аялал;
  • Гэрийн тавилга болон бусад эд хогшил худалдаж авах гэх мэт.

Өөрийнхөө болоод гэр бүлийнхээ ирээдүйн хэрэгцээнд зориулан хуримтлал үүсгэх тухай зөвлөгөөг энд [Ирээдүйдээ зориулан хуримтлал үүсгэх нь] дарж үзнэ үү.

Та 1.0 сая төгрөгийн үнэтэй зурагт авахаар шийджээ гэж бодъё. Хэрвээ та 100.0 мянган төгрөгийг сар бүр хадгалвал, 10 сарын дараа зурагт авахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгөтэй болсон байна. Харин та зурагтаа зээлээр авбал, зээлсэн мөнгөнөөс гадна хүү нэмж төлөх хэрэгтэй болно.  Энэ нь зурагт авахад зарцуулах мөнгөний хэмжээг нэмэгдүүлнэ.

Зарим хүмүүст мөнгө хадгалах урам зориг дутдаг. Гэхдээ зорилго тавиад хадгалвал илүү хялбар, үр дүнтэй байдаг. Хадгаламжийн зорилго тавьснаар сар болгон мөнгөө хадгаламжид хийж байна гэж бодохоосоо илүү зорилгодоо хүрмэгц уг мөнгөөр юу хийж бүтээх тухайгаа бодож урамшдаг.

 

Мөнгө тогтмол хадгалахыг хичээх

Орлого олох, цалингаа авах бүрдээ хадгаламжаа нэмэгдүүлэхийг хичээх хэрэгтэй. Хуримтлалтай болохын тулд мөнгөө зарцуулахаасаа өмнө хуримтлалдаа мөнгө хийж хэвших нь зүйтэй. Мөнгийг бага гэлтгүй хадгаламждаа тогтмол хийж хэвшвэл цаг хугацааны дараа ихээхэн хэмжээний мөнгө болж өсдөг. Манай Монголчууд “Дуслыг хураавал далай болно” гэж хэлсэн байдаг.

 

Дансны хуулгаа шалгах

Хэрэв банкинд данс нээлгэсэн бол дансны хуулгаа авах бүртээ орлого, зарлагаа шалгаж мэддэг байх нь зүйтэй. Үүний тулд та өөрөө орлого, зарлагаа давхар бичиж тэмдэглэдэг байх хэрэгтэй. Таны тооцоотой дансны хуулгын дүн таарахгүй тохиолдолд та банкнаас лавлаж асуугаарай.

Орлого, зарлагаа хэрхэн бүртгэх тухай зөвлөгөөг энд [Орлого, зарлагаа бүртгэх нь] дарж үзнэ үү.

Хэрэгцээ ба хүсэл

Хүн амьдрахын тулд зайлшгүй хэрэглэх шаардлагатай хэрэгцээт бараа, үйлчилгээ байдаг. Үүнд:

  • Эрүүл хүнс;
  • Цэвэр ус;
  • Хувцас;
  • Байр, орон сууц;
  • Тавилга;
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээ (хэрэв та өвдвөл);
  • Цахилгаан, дулаан гэх мэт орно.

Мөн зайлшгүй шаардлагатай биш боловч хүмүүс худалдаж авахыг хүсдэг бусад нэр төрлийн бараа, үйлчилгээ бий. Үүнд:

  • Загварлаг хувцас, гутал;
  • Чихэр, шоколад;
  • Рестораны хоол;
  • Тоглоом;
  • Үнэт эдлэл;
  • Үзвэр, үйлчилгээ зэрэг хамаарна.

Үүнээс гадна нөхцөл байдлаас шалтгаалан зарим хүмүүс хэрэгцээ, шаардлагын улмаас, зарим нь хүссэн учраас худалдаж авдаг бараа, үйлчилгээ байдаг. Үүнд:

  • Машин (зарим хүмүүс ажилдаа очихын тулд машинаар явах зайлшгүй хэрэгцээтэй байдаг, зарим нь хэрэгцээний улмаас биш зүгээр хүссэн болохоор машин худалдан авдаг.)
  • Ухаалаг утас (зарим хүмүүс ажил хэргийн улмаас ухаалаг утас авах зайлшгүй хэрэгцээтэй болдог, зарим хүмүүс энгийн утсаар хэрэгцээгээ хангаж болох байсан хэдий ч ухаалаг утастай болохыг хүссэн учраас худалдан авдаг.)
  • Хувцас (хүн болгон хувцас өмсөх зайлшгүй хэрэгцээтэй боловч зарим хүмүүс бусдаас ялгарахын тулд загварлаг, үнэтэй хувцас авахыг хүсдэг.)

Хүн бүх хэрэгцээгээ хангаж чадахгүй байж болно. Мөн хүссэн бүх зүйлсээ авах боломжгүй байж болно. Хэрэгцээ, хүслийг нэг дор хангах бүр ч боломжгүй. Тиймээс хамгийн чухал, хэрэгцээт зүйлд  мөнгөө зарцуулах нь чухал.

Үүний тулд танд болон танай гэр бүлд юу чухал хэрэгтэй вэ, тэдгээрийг худалдан авахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байгаа эсэхийг эхлээд тооцоолно. Хэрэгцээт зүйлсээ худалдан авсны дараа мөнгө үлдвэл хадгаламждаа хийх нь зөв. Хадгалсан мөнгөө ирээдүйн хэрэгцээнд (тооцоолоогүй зүйлс, тухайлбал, эмчилгээний зардал, гэнэтийн засвар үйлчилгээнд) зарцуулж болно. Харин хангалттай хэмжээний хуримтлалтай болсон бол үлдсэн мөнгөө өөрийн авахыг хүссэн  зүйлд зарцуулж болно.

Та орлого, зарлагаа зөв төлөвлөж, үр ашигтай зарцуулснаар [Мөнгөө зөв зохистой зарцуулах нь] их хэмжээний хуримтлалтай болох боломтой юм.

Мөнгөө зөв зохистой зарцуулах нь

Зөвхөн өөрийн санхүүгийн боломж, нөхцөл байдалдаа тохирсон зүйлсийг худалдаж авах нь чухал. Тэгэхгүй бол өөрийн болон гэр бүлийнхээ нэн чухал хэрэгцээтэй гэсэн зүйлсийг авч чадахгүй байх эрсдэлтэй. Иймээс танд болон таны гэр бүлд маш чухал хэрэгцээтэй гэсэн зүйлсийг урьдчилан тодорхойлох хэрэгтэй.  Энэ нь  танд хүсэлдээ хөтлөгдөн хэрэгцээгүй зүйлсийг худалдан авах эрсдэлээс сэргийлэхэд тусална

Хэрэгцээ ба хүсэл ямар ялгаатай болох талаарх зөвлөгөөг авахыг хүсвэл энд [Хэрэгцээ ба хүсэл] дарна уу.

Бараа, үйлчилгээний үнэ өөр, өөр байдаг. Бараа, үйлчилгээний үнэ нь тухайн барааны өртөг ба чанараас хамаарна (зарим тохиолдолд өөр бусад хүчин зүйлсээс, тухайлбал, машины үнэ нь тухайн машины хэрэглээний зардлаас зарим талаар хамааралтай.)

Боломжит сонголтуудыг хооронд нь харьцуулах (өөрөөр хэлбэл, дэлгүүрүүдээр орж судлагаа хийх) нь чухал. Дэлгүүр болон бусад нийлүүлэгчдийн үнийг харьцуулж, хамгийн сайн чанартай, боломжийн үнэтэйг нь сонгож авах хэрэгтэй. Өндөр үнэтэй барааны хувьд худалдан авалт хийхээсээ өмнө сайтар судалж, харьцуулалт хийх нь зүйтэй. Ингэснээр та боломжит сонголтууд хоорондоо чанар болон үнийн хувьд ямар ялгаатай болохыг ойлгоно.

 

САНАМЖ!

Боломжит сонголтуудыг хооронд нь харьцуулж судалснаар орлого, зарлагаа хамгийн ашигтай байлгахад тань тусладаг.

 
 

Хүнс болон бусад гэр ахуйн хэрэгцээний зүйлсийг зарим тохиолдолд бөөнөөр худалдан авах нь ойр, ойрхон бага хэмжээгээр худалдан авахаас илүү хямд тусдаг. Гэхдээ, тухайн барааг хэзээ, ямар хэмжээгээр авбал илүү ашигтай вэ? гэдгийг бодолцох хэрэгтэй. Жишээлбэл, тараг, сүү зэрэг чанараа түргэн алддаг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авбал  муудахаас нь өмнө хэрэглэж амжаагүйгээс үрэлгэн зардал гаргахад хүргэнэ.

Зардлаа хэрхэн хэмнэж болох талаар энд [Зардалаа хэмнэх нь] дарж зөвлөгөө авна уу.

Санхүүгийн бүртгэл хөтлөх нь

Зарцуулсан мөнгөө бичиж тэмдэглэх нь

Төсөв танд мөнгөө юунд зарцуулах талаар урьдчилан төлөвлөхөд тусална. Гэхдээ төсөв зохиохын тулд эхлээд бодит амьдрал дээр та мөнгөө юунд зарцуулж байгаагаа тодорхой хугацааны туршид (тухайлбал, 3 сар) бичиж тэмдэглэсэн байх нь чухал. Та мартахгүйн тулд аль болох тэр дор нь, өдөр бүр хэдэн төгрөг, юунд зарцуулсан гэдгээ бичих хэрэгтэй. Шоколад, аяга кофе, бохь зэргийг бага гэлтгүй бичиж тэмдэглээрэй. Зарцуулсан төгрөг нэг бүрийг бүртгэх нь чухал бөгөөд  багахан хэмжээний худалдан авалтын дүнг сар, жилээр тооцоход их хэмжээнд  хүрсэн байдаг.

Төсөв хэрхэн зохиох талаар мэдэхийг хүсвэл энд [Төсөв зохиох нь] дарна уу.

Цалингаа зөв бодогдсон эсэхийг шалгах нь

Та авах цалингаа зөв бодогдсон  эсэхийг тооцож чаддаг байх нь зөв.  Хэрэв таны цалин буруу бодогдсон, эсвэл, үл ойлгогдох шалтгаанаар мөнгө суутгасан байвал ажил олгогчдоо мэдэгдэж, шалтгааныг тодруулах хэрэгтэй.

Дансны хуулгаа шалгах

Дансны хуулгыг тогтмол (сар болгон) авч байхыг банкнаасаа хүсэмжлэх хэрэгтэй. Дансны хуулган дээр дараах мэдээллүүд байдаг. Үүнд:

  • Таны дансанд тухайн өдөр байгаа мөнгөний хэмжээ;
  • Таны данснаас гарсан зарлага (интернетээр болон картаар хийсэн төлбөр, АТМ-с авсан бэлэн мөнгө);
  • Таны дансанд орсон мөнгө;
  • Дансны үлдэгдэлд тооцсон хүүний орлого;
  • Банкны хураамж, шимтгэлийн зардал (жишээлбэл, бэлэн мөнгөний машинаас мөнгө авах болон өөр дансанд мөнгө шилжүүлэхэд төлсөн хураамж).

Та дараах зүйлсийг бичиж тэмдэглэн, бүртгэл хөтлөх хэрэгтэй. Үүнд:

  • Картаар төлсөн төлбөрүүд;
  • АТМ-с авсан мөнгө;
  • Таны дансанд орсон мөнгө;
  • Интернетээр төлсөн төлбөрүүд (интернетээр төлсөн байр гэрлийн мөнгө, интернетээр хийсэн худалдан авалт; кредит; дебит картын гүйлгээ гэх мэт)

Та банкны шимтгэл, хураамжуудын талаар ойлголттой болж, банкинд төлж буй шимтгэл, хураамжуудыг бичиж тэмдэглэх хэрэгтэй. Жишээлбэл, дараах төрлийн шимтгэл, хураамжууд байж болно. Үүнд:

  • Карт эзэмшиж, ашигласаны төлбөр (сарын болон жилийн хураамж байж болно.);
  • АТМ-с бэлэн мөнгө авсны шимтгэл (та өөр банкны АТМ-с мөнгө авбал өөрийн үйлчлүүлдэг банкны АТМ-с мөнгө авснаас их хэмжээний шимтгэл төлнө.);
  • Гадаад оронд эсвэл гадаадын интернет дэлгүүрээс худалдан авалт хийх үеийн валют солилцооны шимтгэл.

Дансны болон кредит картын хуулгаа авах бүртээ шалгаж үзээрэй. Хэрэв алдаатай байвал, эсвэл, үл ойлгогдох шимтгэл, хураамж авсан байвал харилцагч банкиндаа даруй мэдэгдэх хэрэгтэй.

Хэрэв алдаатай байвал, банк алдаа гаргасан байж болно. Мөн зальт этгээдүүдийн үйлдэл ч байж болно. Тиймээс банкны болон кредит картынхаа хуулгыг цаг алдалгүй шалгах нь чухал. Хэрэв зальт этгээдүүдэд мөнгөө алдсан гэж үзвэл банкиндаа даруй мэдэгдэх хэрэгтэй бөгөөд цаашид мөнгөө алдахгүй байх арга хэмжээг авахад тань банк тусална.

Залилангийн эрсдэлээс сэргийлэх талаар  зөвлөгөө авахыг хүсвэл энд [Залиланг хэрхэн таних вэ?] дарж үзнэ үү.

 Зальт этгээдүүдэд мэхлүүлсэн гэж үзвэл юу хийх хэрэгтэй талаарх зөвлөгөөг энд [Зальт этгээдүүдэд мэхлүүлсэн бол юу хийх хэрэгтэй вэ?] дарж үзнэ үү. 

 

Бусад санхүүгийн тооцооллыг шалгаж үзэх

Бусад санхүүгийн тооцооллыг шалгаж үзэх хэрэгтэй. Жишээлбэл, даатгалын компаниас ирэх, эсвэл, тэтгэврийн мөнгөний тооцооллыг шалгах хэрэгтэй. Хэрэв тооцоолол алдаатай, үл ойлгогдох шимтгэл, хураамж авсан байвал тухайн мэдээлэл өгсөн байгууллагад даруй мэдэгдэх хэрэгтэй.

Инфляци

Таван жилийн өмнө 10000 төгрөгөөр одоогийнхоос илүү их зүйлийг авч болдог байсан. Юмны үнэ жил ирэх тусам өсөхийг инфляци гэдэг.

 

Жилийн инфляцийн түвшинг тухайн жилийн бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн дунджаар тодорхойлдог. Жишээлбэл, хүнс, цахилгаан, дулаан болон бусад өрхийн өргөн хэрэглээний барааны дундаж үнэ арван хоёр сарын туршид дунджаар 10% - иар өссөн бол инфляцийн түвшин 10% байна гэсэн үг. Хэрэв, инфляцийн түвшин 12%  бол энэ нь тухайн жилд бараа, үйлчилгээний дундаж үнэ 12%- иар өссөнийг харуулна.

 

Таны амьдралд инфляци яаж нөлөөлөх вэ?

Инфляцийн улмаас та  бараа, үйлчилгээг өмнө нь худалдаж авдаг байснаас илүү үнээр авахад хүрнэ.  Өөрөөр хэлбэл, таны мөнгөний худалдан авах чадвар багасдаг. Жишээлбэл, нэг жилийн өмнө 1000 төгрөгөөр нэг шоколад худалдаж авдаг байсан бол жилийн инфляцийн түвшин 8% байхад та уг шоколадыг 1080 төгрөгөөр худалдан авах хэрэгтэй болно.

 

Инфляци өндөр байвал, та өмнө нь тодорхой хэмжээний мөнгөөр олон зүйл худалдан авч чаддаг байсан бол тийм хэмжээний мөнгөөр өмнөхөөс цөөн юм авна гэсэн үг. Хэрэв таны цалин инфляцийн түвшинтэй  адил хувиар өсвөл (жишээлбэл, инфляци 12% -тай байхад таны цалин мөн 12% -иар өсвөл), та цалингаараа жилийн эхэнд авдаг байсан тийм хэмжээний зүйлсийг жилийн эцэст мөн худалдан авч чадна гэсэн үг. Харин таны орлого тогтсон нэг хэмжээнд байвал (жишээлбэл та тэтгэвэр авдаг бол), эсвэл, таны цалин инфляцийн түвшнээс доогуур хувиар өсвөл, та орлогоороо өмнөх жилийнхээс бага хэмжээний зүйлсийг худалдаж авах болно.  

 

Инфляцийн нөлөөлөлд автахгүй байж болох уу?

Инфляцийн нөлөөллөөс мөнгөө баттай хамгаалах тодорхой нэг тогтсон арга байдаггүй. Инфляцийн нөлөөллийг арилгах гэж хүмүүс хадгаламж болон хөрөнгө оруулалтыг сонгодог.  Энэ нь хадгаламж, хөрөнгө оруулалт хийх замаар мөнгөө инфляцийн хувиас илүү өндөр хувиар өсгөх арга юм. Жишээлбэл, жилийн инфляцийн түвшин 10% байхад таны хадгаламж болон хөрөнгө оруулалтаас олох орлогын өсөлт 12% байвал та тухайн жилийн эцэст өмнөх жилээс 2%-иар илүү хэмжээний худалдан авалт хийх чадвартай болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, та үр ашигтай хөрөнгө оруулалт хийвэл инфляцийн нөлөөлөлд автахгүй байж чадна.

 

Гэхдээ инфляцийн нөлөөллийг бууруулах  гэж янз бүрийн арга хэрэглэх нь эрсдэлтэй. Учир нь, их хэмжээний ашиг амлаж байгаа хөрөнгө оруулалт их хэмжээний эрсдэлтэй байдаг.  Бодит амьдрал дээр эрсдэл агуулсан хөрөнгө оруулалт ашиг өгөхгүй байх тохиолдол ч бий. Иймээс та мөнгөнийхээ зарим хэсгийг, эсвэл, бүх мөнгөө баталгаатай, эрсдэл багатай хадгаламжийн дансанд хадгалуулахыг чухалчилж үзэх хэрэгтэй.  

 

Хадгаламжийн дансны талаарх зөвлөгөөг энд [Хадгаламжийн данс], хөрөнгө оруулалтын талаарх зөвлөгөөг энд [Хөрөнгө оруулалт хийх] дарж уншина уу.

Валютын ханш

Валютын ханш гэж юу вэ?

Валютын ханш гэдэг нь нэг орны мөнгийг (жишээлбэл, төгрөгийг) нөгөө орны мөнгөөр (жишээлбэл, ам.доллараар) солиход хэрэглэдэг харьцаа юм. Жишээлбэл, Ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 2000 байвал 2000 төгрөгийг 1 ам.доллараар, эсвэл, 1 ам.долларыг 2000 төгрөгөөр сольж болно гэсэн үг. Бодит амьдрал дээр валютын ханш санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлаас хамааран ойр ойрхон (өдөрт хэд хэдэн удаа) өөрчлөгддөг.

 

Монгол банкны цахим хуудастай адил [www.mongolbank.mn] валютын ханшийг хамгийн сүүлийн үеийн байдлаар харуулдаг олон цахим хуудсууд байдаг. Эдгээр цахим хуудсын тусламжтайгаар та аль нэг орны мөнгөн тэмдэгтийг ямар үнээр буюу ямар харьцаатайгаар нөгөө орны мөнгөн тэмдэгтээр сольж болохыг мэдэж чадна. (Гэхдээ яг тухайн ханшаар та валют зарах юмуу худалдан авна гэсэн үг биш юм).

 

Гадаад валютыг хэрхэн худалдан авах болон зарах вэ?

Монголд гадаад валютыг бэлэн мөнгөөр, харилцах дансаар, дебит болон кредит картаар худалдан авч болно. Гадаад валютыг төгрөгөөр банк, гадаад валют арилжааны газруудад (Банк бус санхүүгийн байгууллага - ББСБ) зардаг. Гадаад валютыг худалдаж авах болон зарахын өмнө тухайн валютын ханш хэд байгааг үргэлж шалгах хэрэгтэй. Валютын ханшийг ихэвчлэн самбар дээр харуулдаг.

 

Валютын ханшийг харьцуулан судлах нь

Банк болон валют арилжааны газрын гадаад валютыг худалдаж авах болон зарах ханш хоорондоо өөр байдаг. Худалдаж авах ба зарах ханшийн зөрүү болон ашгаар тухайн банк, валют солилцооны газар үйлчилгээний зардлаа нөхдөг. Банк болон валют солилцооны газруудаар орж валютын ханшийг харьцуулан судалж, хамгийн боломжит ханшаар мөнгөө солилуулах нь чухал.  

  • Хэрэв та гадаад валют худалдаж авах гэж байгаа бол, харьцуулалт хийх хамгийн хялбар арга нь, та шаардлагатай хэмжээний валют худалдан авахын тулд (жишээлбэл, 500 ам.доллар) хэдэн төгрөг төлөхөө банк болон валют солилцооны газруудаас асууж харьцуулах явдал юм. Тухайн валютыг худалдан авахад хамгийн бага төгрөг шаардагдах газрыг сонгож үйлчлүүлэх хэрэгтэй.
  • Хэрэв та гадаад валют зарах гэж байгаа бол, банк болон валют солилцооны газруудаас таны зарах гэж буй гадаад валют хичнээн төгрөгтэй тэнцэхийг асууж, хялбархан харьцуулалт хийж болно. Тэгээд танд таны зарах валютын үнэд хамгийн их мөнгө (төгрөг) өгөх газраар үйлчлүүлэх хэрэгтэй.

Өөр улсад Монгол төгрөгийг тэр болгон солиулах боломжгүй байдаг.  Боломжтой байлаа ч ихэнх улсад маш бага ханшаар солино. Иймээс хэрэв та гадаадад зорчих гэж байвал тухайн очих гэж байгаа улсынхаа валютыг Монголоосоо худалдаж аваарай.  Мөн гадаадад байхдаа АТМ-с картаараа авах нь ашигтай байна. Хэрэв та гадаад улсад байхдаа АТМ-с бэлэн мөнгө авбал тухайн улсын банк, Монгол дахь банкны аль аль нь шимтгэл авч магадгүй. Иймээс гадаадад аялахаасаа өмнө харилцагч банкнаасаа АТМ-с мөнгө авах болон картаараа бараа үйлчилгээний төлбөр хийхэд хичнээн төгрөгийн шимтгэл авахыг лавлаж асуугаарай. Үүний үндсэн дээр гадаадад аль картаа ашиглавал ашигтайг та шийдэх боломжтой болно. Гадаадад кредит картаараа тухайн орны валютыг худалдаж авах нь дебит картаар худалдаж авснаас илүү үнэтэй тусдаг.

Гадаад валютыг Монголоосоо худалдаж авах нь дээр, гэхдээ нисэх онгоцны болон галт тэрэний буудалд очихоосоо өмнө худалдаж авахыг хичээгээрэй. Учир нь, нисэх онгоцны болон галт тэрэний буудалд байрладаг валют солилцооны газруудын гадаад валютын ханш өндөр байдаг. 

Интернет дэлгүүрээс бараа худалдан авах нь

Интернетээр юм худалдаж авах нь үнийн харьцуулалт хийх, барааг хямдруулж авах, хүссэн ховор бараагаа олж авах зэрэг давуу талтай. Мөн бараа, үйлчилгээ нь 24 цагийн турш нээлттэй байдаг бөгөөд тухайн барааны талаар бусад худалдан авагчийн санал сэтгэгдлийг унших боломжтой.  Эдгээр давуу талын зэрэгцээ эрсдэл байдгийг санаарай.

 

Хамгийн боломжийн үнээр бараа, үйлчилгээг худалдан авах нь

Ямар нэг зүйлийг худалдан авахаасаа өмнө ялангуяа, өндөр үнэтэй бараа, үйлчилгээг худалдан авах гэж байгаа бол үнийн харьцуулалт хийх хэрэгтэй. Тухайн барааг хамгийн боломжийн үнээр худалдаж авахын тулд өөр дэлгүүрүүдэд, мөн интернетэд ямар үнээр зарагдаж байгааг сонирхож үзэх нь чухал. Интернет дэлгүүрээс авч байгаа барааны үнэд  шуудангийн ба баглаа боодлын зэрэг зардал нэмэгдэж болохыг тооцох хэрэгтэй.

Хамгийн боломжит үнээр бараа худалдан авах талаар зөвлөгөө авахыг хүсвэл энд [Зардлаа багасгах нь] дарж үзнэ үү. 

 

Интернетээр бараа худалдан авахын дутагдалтай талууд

Интернетээр худалдаж байгаа бараа хамгийн хямд үнэтэй байж болно.  Гэхдээ та худалдаж авч буй зүйлээ өмсөж үзэх боломжгүй, мөн гэмтэлтэй болон таалагдаагүй барааг буцаахад тийм ч хялбар биш байна. Үүнээс гадна, эрсдэлтэй ялангуяа, олны танил биш цахим хуудсаар дамжуулан худалдан авалт хийвэл дараах эрсдэл учирч болно. Үүнд: Тухайн бараа хугацаанаасаа хоцорч ирэх, зарим тохиолдолд огт ирэхгүй байх, сурталчилгаан дээрхээс өөр бараа ирэх гэх мэт. Мөн зарим тохиолдолд интернетээр бараа худалдан авах үедээ бусдын заль мэхэнд өртөх магадлалтай.

Залилан мэхлэгчийг хэрхэн таних талаар зөвлөгөө авахыг хүсвэл энд [Залилан мэхлэгчийг хэрхэн таних вэ?] дарж үзнэ үү.

 

Интернет дэлгүүрээс бараа худалдаж авахдаа банкны карт ашиглах нь

Интернетээс бараа худалдаж авахын тулд та ямар нэг төрлийн карттай байх ёстой. Интернетээр төлбөр хийхэд таны картын 16 орон бүхий дугаар, хүчинтэй хугацаа, карт эзэмшигчийн нэр, зарим тохиолдолд CV код (картын арын тооны сүүлийн гурван тоо) хэрэг болдог.

Өөр хүмүүс картыг тань ашиглаж худалдан авалт хийхээс болгоомжлон та картаа хямгадаж, найдвартай хадгалах нь чухал.

 

Санал сэтгэгдлүүдийг унших нь

Худалдаж авахаар сонирхож буй барааны талаар бусад худалдан авагчид, мэргэжилтнүүд юу бичсэнийг сонирхож, тэдний санал сэтгэгдлийг унших хэрэгтэй. Мөн тухайн барааг зарж буй худалдаалагчийн талаарх санал сэтгэгдлийг уншихад илүүдэхгүй. Энэ нь тухайн барааны чанар, хэрэгцээг мэдэхэд тань тусална.

 

Интернетээр аюулгүй худалдан авалт хийх

Таны сонирхсон барааг зарж буй компанийн тухай мэдээллийг шалгах хэрэгтэй. Хэрэв холбоо барих хаяг дээр зөвхөн гар утасны дугаар тавьсан, компанийн байршлыг тодорхой заалгүй шуудангийн хайрцагны хаяг тавьсан байвал болгоомжлох хэрэгтэй.

 

Таньж мэдэхгүй эсвэл эргэлзэж байгаа компаниас бараа худалдан авахгүй байх Таны итгэл даасан хэн нэгэн хүн санал болгоогүй л бол тэднээс юм худалдаж авахгүй байх хэрэгтэй.

Санал сэтгэгдлүүдийг унших

Таны худалдаж авахыг хүссэн барааг зарж байгаа худалдаалагчид, мөн тухайн барааны талаарх санал сэтгэгдлийг унших хэрэгтэй. Хэрэв тухайн худалдааны байгууллагаас урьд өмнө бараа худалдан авч байгаагүй бол түүний талаарх мэдээллийг олж мэдэх,  худалдан авагчдын санал, сэтгэгдлийг уншиж сонирхох хэрэгтэй.

Бараа бүтээгдэхүүний онцлог шинжийн талаар сайтар унших хэрэгтэй. Хэт хямд үнэтэй байвал болгоомжлох нь зөв. Учир нь, тухайн барааг сэргээн засварласан, эсвэл, хэрэглэсэн байж болно. Мөн  хүргэлтийн үнийг тухайн барааны үнэд тусгаагүй байж болно.

Барааг худалдаж авахаасаа өмнө худалдан авалтын нөхцөлүүдийг сайн унших хэрэгтэй. Ялангуяа, дараах нөхцөлүүдийг шалгах нь зүйтэй. Үүнд:

  • Баталгаат хугацаа, буцаан олголт, худалдан авалтыг хүчингүй болгох нөхцөл;
  • Хүргэлтийн хугацаа;
  • Барааны үнэд хүргэлт, баглаа боодол, татварын зардал орсон эсэх. Хэрэв ороогүй бол энэ бүхнийг багтаасан барааны нийт үнэ хэд болохыг тодруулах.

Тухайн цахим дэлгүүр хувийн мэдээллийг нууцалдаг эсэх, мөн бараа буцаалтын нөхцөлтэй танилцаарай. Барааг худалдаж байгаа байгууллага цахим хуудсандаа худалдан авсан бараандаа сэтгэл хангалуун биш бол яах ёстой, мөн таны хувийн мэдээллийг бусдад өгдөг эсэх талаар бичсэн байх ёстой. Учир нь, таны мэдээллийг бусдад задруулснаас хүсээгүй, таагүй үр дүн гарч болно.

Бараа захиалгын баримтын өөрт үлдэх хувь болон худалдаалагчаас танд илгээсэн мессеж (жишээлбэл, таны барааг илгээлээ гэсэн цахим шуудангаар ирсэн мессеж) зэргийг хэвлэж эсвэл, компьютерын санах байгууламжид хадгалаарай.

Хэрэв та гадаад улс оронд байдаг компаниас бараа худалдаж авах гэж байгаа бол валют хөрвүүлэхэд авах шимтгэлийг эхлээд тооцож үзэх хэрэгтэй.

Бараагаа ирмэгц тэр даруй онгойлгож шалгаж үзээрэй. Таны захиалсан бараа мөн эсэх, өө сэвгүй бүрэн гүйцэд эсэхийг нь шалгаарай. Хэрэв ямар нэг гэмтэлтэй, бүрэн бус бараа байвал худалдагчид тэр дор нь мэдээлж, бараагаа үнэ төлбөргүй солиулах хэрэгтэй.

Цахим худалдан авалт хийхэд зориулан банкинд цалингийн болон бусад орлогын данснаас тусдаа данс нээлгэх хэрэгтэй.  Уг данс нь тусдаа карттай,  ойрын хугацаанд интернетээр бараа худалдан авахад л зориулсан хязгаарлагдмал хэмжээний мөнгөний үлдэгдэлтэй байвал зохимжтой. Хэрэв хэн нэгэн залилагч этгээд таныг худалдан авалт хийсний дараа таны данс юмуу картыг ашигласан тохиолдолд та бага хэмжээний мөнгө л алдана.

Дансны болон картынхаа хуулгыг шалгах. Таны данснаас гарсан мөнгө таны интернетээр худалдан авсан барааны үнэтэй тэнцэж буй эсэхийг шалгах хэрэгтэй. Үүний тулд та харилцагч банкныхаа интернет болон мессеж банк үйлчилгээнд бүртгүүлэх нь зүйтэй. Тэгвэл та дансанд орж буй болон данснаас гарч буй мөнгийг хянаж, ямар нэг сэжигтэй гүйлгээг тэр дор нь мэдэх боломжтой болно.

Хэрэв та ямар нэгэн сэжигтэй гүйлгээ хийгдсэн, алдаа гарсан гэж үзвэл харилцагч банкиндаа тэр даруй мэдээлэх хэрэгтэй.

Та картын зарлагын гүйлгээнд хязгаар тогтоож болох эсэх талаар харилцагч банкнаасаа лавлаарай. Жишээлбэл, хэрэв та нэг удаад хамгийн дээд тал нь 200000 төгрөгийн худалдан авалт интернетээр дамжуулан хийнэ гэсэн хязгаар тогтоолгож болох юм.  Та 250000 төгрөгийн үнэтэй бараа худалдан авахын тулд харилцагч банк руугаа утасдаж хязгаарын дээд хэмжээг нэмэгдүүлэх, эсвэл, та өөрөө интернет банкны үйлчилгээг ашиглан тохиргоо хийж болно. Энэ нь хүслээ дагаж, сэтгэлийн хөөрлөөр үнэтэй болон онцын хэрэгцээгүй зүйл худалдан авахаас сэргийлнэ.

Картын дансанд нэвтрэх болон гүйлгээний нууц үгийг сонгохдоо хүмүүс тааварлахын аргагүй онцлог нууц үгийг сонгоорой. Жишээлбэл, “нууц үг” гэсэн үгийг нууц үгээ болгон сонгохгүй байх, эсвэл, гэр бүлийнхнийхээ хэн нэгний нэр, төрсөн он сар өдрийг нууц үг болгон хэрэглэхгүй байх нь таны нууц үгийг бусад этгээд мэдэж ашиглахгүй байхад тусална.

Таны компьютер бусад этгээд чөлөөтэй нэвтэрч, ашиглахаас хамгаалагдсан байвал зохино.  

Компьютерээ хэрхэн хамгаалах талаар мэдэхийг хүсвэл, энд [Санхүүгийн заль мэхээс өөрийгөө хамгаалах нь, “Таны комьютер хамгаалагдсан байх хэрэгтэй” гэсэн хэсгийг] дарж үзнэ үү.

Баталгаатай, аюулгүй л биш бол цахим хуудсанд дансны болон картын мэдээлэлээ оруулж болохгүй. Тухайн цахим хуудас жинхэнэ эсэхийг шалгахын тулд та нэвтрэх нэр, нууц үгээ буруу хийгээд үзээрэй. Хэрэв тухайн цахим хуудас жинхэнэ бол таны нэвтрэх нэр, нууц үг буруу байна гэсэн хариу өгнө. Хэрэв тухайн цахим хуудас https:// гэж эхэлсэн бол банк болон картынхаа мэдээллийг оруулж болно. Харин http:// гэж эхэлсэн байвал болгоомжлох хэрэгтэй. Цахим хуудас “s” буюу “аюулгүй” гэсэн тэмдэгтийг заавал агуулж (https:// гэж) байх ёстой. Мөн “аюулгүй” гэдгийг илтгэсэн цоожны зураг байх ёстой.

Залилан мэхлэгчдээс болгоомжлоорой. Залилан мэхлэгчийг хэрхэн таних талаар зөвлөгөө авахыг хүсвэл энд [Залилан мэхлэгчийг хэрхэн таних вэ?] дарж үзнэ үү.

Зарим түгээмэл хэрэглэгддэг заль мэхний талаарх анхааруулгуудыг уншъя гэвэл, энд [Зарим түгээмэл хэрэглэгддэг заль мэх] дарна уу.

Тухайн барааны үнэ нь ижил төстэй бусад бараанаас харьцангуй хямд байвал болгоомжлох нь зүйтэй. Залилан мэхлэгсэд хүмүүсийн анхаарлыг татахын тулд хэт хямд үнийг санал болгодог.

 

Яарах хэрэггүй. Хэрэв та тухайн барааг худалдаж авах эсэхдээ эргэлзэж байвал, эсвэл, тухайн барааг зарж буй хүнд итгэхгүй байвал, худалдан авалт хийхгүй байх нь зөв.

САНАМЖ

Итгэмээргүй хямд сонсогдож байвал, итгэж болохгүй!