Хүүхэдтэй болох
Хүүхэдтэй болох нь гайхалтай сайхан үе байдаг. Гэвч энэ нь шинэ үүрэг хариуцлага, нэмэлт зардал авчирдаг, заримдаа хүүхдээ нэг нь харж хандах шаардлагатай болох учраас нэг нь ажиллахаа больж (эсвэл ажиллах цаг багасах) улмаар өрхийн орлого буурах магадлалтай гэсэн үг.
Эхнэр/нөхөртэйгөө ярилцах
Хүүхэдтэй болсны дараа гэр бүлд гарах өөрчлөлтийн талаар эхнэр/нөхөртэйгөө ярилцах, ялангуяа санхүүгийн асуудлын талаар ярилцах нь хамгийн чухал. Үүнд:
- Хүүхдээ хэн харах вэ? Ажлаасаа гарах уу? Эсвэл ажиллах цагаа багасгах уу? Энэ нь өрхийн орлогод хэрхэн нөлөөлөх вэ?
- Санхүүгийн зорилго, зорилтдоо хүрэхийн тулд ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ? Томоохон худалдан авалтаа хойшлуулах шаардлага бий юу? Өр зээлийнхээ хэмжээг багасгаж чадах уу?
- Хүүхдээ төрсний дараа илүү их мөнгө (хэрэв чадах бол) хуримтлуулж хадгалах уу?
Ажил олгогчоос олгох тэтгэмж
Ажил олгогч нь хуулийн дагуу эхчүүдэд хүүхдээ 2 нас хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийгмийн даатгал төлөх ёстой.
Улсаас олгох тэтгэмж
Улсаас жирэмсэн болон амаржсан эхчүүдийн тэтгэмжийг 7 сарын хугацаанд тэдний 4 сарын цалинтай дүйцэх хэмжээгээр тооцож олгодог. Эхчүүд төрсний дараах эхний жилд хүүхэд асарсны тэтгэмж 40000 төгрөг сар бүр, дараагийн зургаан сард сар бүр 20000 төгрөг авна.
Өрхийн шинэ төсвийг зохиох
Төсөв зохиох нь мөнгөө юунд зарцуулах ёстойгоо төлөвлөхөд танд тусална.
Хэдэн төгрөгийн орлого (жишээ нь, таны ажиллаад авч буй цалин) болон зарлагатай гэдгээ тооцож эхлэх нь зүйтэй. Долоо хоногоор төсөв гаргах гэж байгаа бол, долоо хоног тутамд дунджаар хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг, юунд зарцуулахаа тооцоолно. Хэрэв сараар төсөв зохиох гэж байгаа бол, сар бүр дунджаар хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг, юунд зарцуулахаа тооцоолно.
Жирэмсэн байхдаа болон хүүхдээ төрсний дараа үеийн нэмэлт зардлыг тооцсон байх хэрэгтэй. Үүнд:
- Жирэмсний хувцас;
- Хүүхдийн ор;
- Хүүхдийн тэрэг;
- Хүүхдийн машины суудал;
- Хүүхдийн хувцас;
- Живх;
- Сүү;
- Хоол;
- Хүүхэд харах үйлчилгээний хөлс;
- Эмнэлгийн үзлэгийн зардал;
- Тоглоом гэх мэт.
Шинэ зүйл худалдан авах хүсэлдээ хөтлөгдөн та их мөнгө зарцуулж магадгүй. Гэвч гэр бүл, найз нөхдөөсөө өмнө ашиглаж байсан эд зүйлс байгаа эсэхийг асуугаарай. Хүүхэдтэй болоход шаардагдах нэмэлт зардал, мөнгөө хэрхэн хэмнэх тухай ярилцаж болохуйц бага насны хүүхэдтэй хүмүүстэй уулзаж зөвлөгөө авах нь зүйтэй.
Хэрэв орлого багасч зардал нэмэгдсэн бол зарим зардлаа танах хэрэгтэй. Иймд ямар зардлаа танаж болох тухай бодоорой.
Төсөв хэрхэн гаргах тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [Төсөв гаргах руу орох линк] үзнэ үү.
Орлого, зарлагаа бүртгэх
Төсөв нь танд мөнгөө юунд зарцуулж болох талаар урьдчилан төлөвлөхөд дөхөм үзүүлдэг. Гэхдээ таны мөнгө бодит амьдрал дээр юунд зарцуулагдаж байгааг бичиж тэмдэглэх нь чухал. Тэгэхээр мартахгүйн тулд аль болох тэр дор нь, өдөр бүр хэдэн төгрөг, юунд зарцуулсан гэдгээ бичих хэрэгтэй. Шоколад, аяга кофе, бохь зэргийг бага гэлтгүй бичиж тэмдэглэх нь чухал – Зарцуулсан Төгрөг нэг бүр чухал бөгөөд багахан мөнгөний худалдан авалтуудыг сар, жилээр тооцоход их болж нэмэгддэг.
Тэмдэглэлийн дэвтэр, тооцоолол хийдэг хүснэгт, компьютерийн программ зэргийг ашиглаж орлого, зарлагаа бичиж тэмдэглэх хэрэгтэй. Мөнгөө юунд зарцуулснаа мартахгүйн тулд өдөр бүр бүртгэл хөтлөөрэй. Хэрэв танд баримт өгсөн бол баримтаа санамж болгон хадгалах хэрэгтэй.
Хадгаламжтай болох
Хүүхэдтэй болоход шаардагдах нэмэлт зардалд зориулан мөнгө хуримтлуулж хадгалах нь чухал. Хадгаламж танд тараах байдлаар тусална. Үүнд:
- Мөнгөө захиран зарцуулах;
- Гэнэтийн зардал, яаралтай мөнгөний хэрэгцээг шийдэх;
- Ирээдүйд хэрэгтэй зүйлээ худалдан авах чадвартай болох;
- Аль болох бага зээл авах;
- Санхүүгийн хувьд санаа бага зовох гэх мэт.
Ирээдүйдээ зориулан хэрхэн хуримтлал үүсгэх, яагаад хуримтлал, хадгаламж хэрэгтэй тухай зөвлөмжийг эндээс [Ирээдүйдээ зориулсан хуримтлалтай байх руу орох линк] үзнэ үү.
Амьдралын даатгал
Амьдралын даатгалд даатгуулах тухай бодоорой. Амьдралын даатгал нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл тохиолдсон үед даатгуулагчийн орлогыг тасалдалгүй байлгах, улмаар тэдний гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулдаг даатгал юм. Тухайлбал, таныг нас барахад ар гэрийнхэнд тань нөхөн төлбөр төлдөг. Нөхөн төлбөрийг таны гэр бүл таны оршуулгын зардлыг төлөх, гэр бүлийн гишүүдийн өдөр тутмын хэрэгцээтэй зардалд зарцуулах гэх мэтээр ашиглаж болно.
Энэ тухай дэлгэрэнгүйг эндээс [Даатгал хэсгийн “Амьдралын даатгал” руу орох линк] үзнэ үү.
Гэрээслэл бичих
Та хоёрын аль, аль нь гэрээслэл бичих хэрэгтэй. Гэрээслэл нь таныг нас барсны дараа таны өмчлөлд байсан хөрөнгө, мөнгийг хэрхэн зарцуулах тухай өгүүлсэн хууль ёсны баримт бичиг юм. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [Гэрээслэл бичих рүү орох линк] үзнэ үү.