Гэрлэх

Гэрлэх нь амьдралын чухал үйл явдал бөгөөд үүнийг төлөвлөх нь их зугаатай сайхан мөч байдаг. Гэвч эргэцүүлэн бодох олон зүйлийн дотор шинэхэн гэрлэсэн хосууд маань мөнгөө хэрхэн захиран зарцуулахаа төлөвлөж чадахгүй байх тохиолдол их бий. Гэрлэхээсээ өмнө цөөн хэдэн асуудлыг хэрхэн шийдэх талаар цаг гаргаж тохиролцсоноор хожим та санхүүгийн хувьд ч гэр бүлийнхээ харилцааг урт хугацаанд хадгалахад ч эерэгээр нөлөөлнө. Хамтын амьдралд бүх зүйлээ ярилцан шийдвэрлэдэг шиг аливаа асуудлыг шийдэх гол түлхүүр бол хоорондоо ярилцаж хамтран шийдвэр гаргах явдал мөн.

 

Мөнгөний тухай ярих!

Ашиглалтын ямар зардлууд гарах, түүнийг хэрхэн хуваан төлөх гэх мэт асуудлын талаар ярилцах нь тийм ч роматик таатай сэдэв биш. Гэвч энэ тухай ярилцахгүй бол хожим үүнээс үүдэн хосууд маргалдаж, цаашилбал гэр бүлийн харилцаагаа таслахад хүргэж мэднэ.

 

Иймд гэрлэх шийдвэр гаргахаасаа өмнө мөнгөө хэрхэн зарцуулах талаар та хоёр ижил бодолтой байгаа эсэх талаар ярилцах нь чухал. Жишээ нь, хэрэв нэг нь тансаг гоёмсог зүйлд мөнгө үрэх дургүй, ирээдүйдээ зориулж хуримтлуулж хадгалахыг чухалчилдаг, гэтэл нөгөө нь их үрэлгэн, тансаг гоёмсог зүйлд мөнгөө үрэх дуртай тохиолдолд асуудлыг хэрхэн шийдэх вэ? гэх мэт.

 

Хамтын амьдралдаа зориулан хэдэн төгрөгийг, ямар хугацаагаар хуримтлуулах тухай тооцож ярилцаарай. Ирээдүйнхээ төлөвлөгөөний талаар хамтрагчтайгаа ярилцаж, хэзээ юуг, хэрхэн яаж шийдэх тухайгаа зөвлөлдөн хэлэлцээрэй. Дараа нь та хоёр энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэх хэрэгтэй.

 

Хурим хийхэд ямар зардал гарах вэ?

Ямар хурим хийхээ шийдэж, хэдэн төгрөг хуримд зориулан зарцуулах боломжтойгоо тооцох хэрэгтэй. Хуримын зардалтай холбоотой дараах зүйлд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Үүнд:

    • Хуримд урих зочдын тоо;
    • Хуримын ёслолын байр;
    • Хүлээн авалтын байр;
    • Хосын хувцас, үс засалт, нүүр будалт гэх мэт;
    • Хоол, ундаа;
    • Хуримын бялуу;
    • Хөгжим;
    • Машин;
    • Зураг;
    • Цэцэг болон бусад зүйл.

 

Дээр дурдсан зүйл тус бүрт хэдэн төгрөг зарцуулахыг тооцож, нийт зардлын дүнг гаргаж болно.

 

Мөнгө хэмнэх аргуудыг судлаарай. Жишээ нь:

    • Цөөн зочин урих;
    • Зурагчин найз нөхдөө зураг авахыг гуйх;
    • Хувцас түрээслэх газраас хувцас худалдаж авах;
    • Хуримын бялуугаа өөрсдөө хийх гэх мэт.

 

Хуримандаа зориулж эртнээс мөнгө хуримтлуулах

Хуримандаа зориулж аль болох эртнээс мөнгө хуримтлуулах хэрэгтэй. Өөр зүйлд мөнгөө зарцуулах гэж татагдах хэрэггүй. Мөнгөө хэмнэх тухай зөвлөмжийг эндээс [Ирээдүйдээ зориулсан хуримтлалтай байх] үзнэ үү.

ЗӨВЛӨМЖ

Эртнээс зардлаа хэмнэж, мөнгө хуримтлуулах хэрэгтэй. Та хуримынхаа өдрийг дараа нь олон жил төлж барахгүй их өрөнд оруулах өдөр байгаасай гэж хүсэхгүй байх. Хуримынхаа өдрийг аз жаргалтай дурсамжтай өдөр байгаасай гэж хүсэж байгаа бол аль болох эртнээс хуримтлуул.

 

Банкинд данс хамтран эзэмших эсэхээ шийдэх

Банкинд данс хамтран эзэмших нь хамтын санхүүгээ удирдах явдлыг хялбарчилна. Гэвч зарим хосууд өөрсдийн банкны дансаа тусдаа байлгаж ашиглалтын зардал болон бусад төлбөрийг хэн нь хариуцаж хэрхэн хуваан төлөхөө тохиролцож шийдсэн байдаг. Зарим хосууд өөрсдөө тусдаа данстай байхын зэрэгцээ дундаа өөр данс хамтран эзэмших нь бий. Ингэснээр эхнэр, нөхөр хоёрын аль аль нь цалингаа буухаар тодорхой хэмжээний мөнгийг хамтран эзэмшдэг дансандаа шилжүүлж тэр данснаасаа ашиглалтын бүх зардлаа төлөх хангалттай хуримтлалыг бий болгодог.

 

Дундын санхүүгээ хэрхэн зохицуулах нь хосуудын хувьд ялгаатай байдаг учраас хоорондоо хэлэлцэж тохирох нь зүйтэй.

 

Төсөв гаргах

Төсөв гаргах нь мөнгөө юунд зарцуулах ёстойгоо төлөвлөхөд танд тусална.

 

Хэдэн төгрөгийн орлого (жишээ нь, таны ажиллаад авч буй цалин) болон зарлагатай гэдгээ тооцож эхлэх нь зүйтэй. Долоо хоногоор төсөв гаргах гэж байгаа бол, долоо хоног тутамд дунджаар хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг, юунд зарцуулахаа тооцоолно. Хэрэв сараар төсөв зохиох гэж байгаа бол, сар бүр дунджаар хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг, юунд зарцуулахаа тооцоолно.

 

Төсөв хэрхэн гаргах тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [Төсөв гаргах] үзнэ үү.

 

Орлого, зарлагаа бүртгэх

Төсөв нь танд мөнгөө юунд зарцуулж болох  талаар урьдчилан төлөвлөхөд дөхөм үзүүлдэг. Гэхдээ таны мөнгө бодит амьдрал дээр юунд зарцуулагдаж байгааг бичиж тэмдэглэх нь чухал. Тэгэхээр мартахгүйн тулд аль болох тэр дор нь, өдөр бүр хэдэн төгрөг, юунд зарцуулсан гэдгээ бичих хэрэгтэй. Шоколад, аяга кофе, бохь зэргийг бага гэлтгүй бичиж тэмдэглэх нь чухал – Зарцуулсан Төгрөг нэг бүр чухал бөгөөд багахан мөнгөний худалдан авалтуудыг сар, жилээр тооцоход их болж нэмэгддэг.

 

Тэмдэглэлийн дэвтэр,  тооцоолол хийдэг хүснэгт, компьютерийн программ зэргийг ашиглаж орлого, зарлагаа бичиж тэмдэглэх хэрэгтэй. Мөнгөө юунд зарцуулснаа мартахгүйн тулд өдөр бүр бүртгэл хөтлөөрэй. Хэрэв танд баримт өгсөн бол баримтаа санамж болгон хадгалах хэрэгтэй.

 

Хичнээн төгрөгийн түрээс төлөх чадвартайгаа тооцох

Хэрэв байр түрээслэж амьдрахаар төлөвлөсөн бол хичнээн төгрөгийн түрээс төлөх чадвартайгаа тооцож гаргах хэрэгтэй. Үүнийг хэрхэн тооцох тухай зааврыг эндээс [Анх удаа бие даан амьдрах хэсгийн “Хичнээн төгрөгийн түрээс төлөх чадвартайгаа тооцох” руу орох линк] үзнэ үү.

 

Урьдчилгаа төлбөрийг төлөх чадвартай эсэхээ тодорхойлох

Байр түрээслэхээр шийдэхээсээ өмнө тухайн байранд нүүн орохтой холбоотой бүх зардлыг төлөх чадвартай эсэхээ хянаж, тооцоолоорой.  Үүнд:

    • Түрээсийн болон. бусад урьдчилгаа төлбөр
    • Зуучлагч байгууллагын хөлс. Хэрэв зуучлагч байгууллагын үйлчилгээг авсан бол тэд үйлчилгээний хөлс авдаг.
    • Нүүх зардал. Та нүүлгэлтийн үйлчилгээ авсан бол илүү их зардал гарна.
    • Гэр ахуйн бараа, тавилга. Орон байранд шаардлагатай тавилга, ор дэр, алчуур, гал тогооны хэрэгсэл гэх мэт зүйлс худалдаж авах хэрэгтэй.

 

Түрээсийн гэрээгээ анхааралтай унших

Түрээсийн гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө бүх зүйл заалт, нөхцөлийг анхааралтай уншиж танилцах нь зүйтэй. Гэрээг уншиж ойлгоход хангалттай хугацаа зарцуулах хэрэгтэй.

Түрээсийн гэрээгээ анхааралтай унших нь яагаад чухал болох, гэрээнд юуг анхаарах ёстой тухай эндээс [Анх удаа бие даан амьдрах хэсгийн “Түрээсийн гэрээгээ анхааралтай унших” руу орох линк] үзнэ үү.

 

Зардлаа хэрхэн төлөх зохицуулалтаа урьдчилан тохирох

Мөнгөө юунд зарцуулах, зардлаа хэрхэн төлөх тухай та хоёр урьдчилан хэлэлцэж тохиролцох нь зүйтэй.

 

Ашиглалтын зардлаа хугацаанд нь төлөх

Түрээсийн төлбөр болон бусад ашиглалтын зардлаа хугацаанд төлөх нь чухал. Хэрэв аливаа төлбөрийг төлж чадахгүй, эсвэл хугацаанд нь төлөхгүй бол таны зээлийн түүхийн зэрэглэл муу үзүүлэлтэй болж улмаар ирээдүйд та дахин зээл (жишээ нь, автомашины) авахад хэцүү болно. Хэрэв зээлийг хамтран төлдөг бол та өөрт ногдох хувийг төлсөн ч дээрх нөхцөл байдал өөрчлөгдөхгүй.

Хэрэв та ашиглалтын зардлаа хугацаанд нь төлөхгүй бол халаалт гэх мэт чухал үйлчилгээг авч чадахгүй таслуулахад хүрнэ. Хэрэв та ашиглалтын хэд хэдэн нэхэмжлэлийг төлөөгүй бол таныг шүүхэд дуудаж болзошгүй.

 

Хувь хүний эд хөрөнгийн даатгал

Эрсдэлээс хамгаалахын тулд даатгуулах нь зүйтэй.  Жишээ нь, таны эзэмшдэг эд зүйлс хулгайлагдах, эвдэрч гэмтэн хохирол учрахаас сэргийлж даатгуулах талаар бодоорой. Даатгалын тухай дэлгэрэнгүйг эндээс [Даатгал] үзнэ үү.

 

Амьдралын даатгал

Амьдралын даатгалд даатгуулах тухай бодоорой. Амьдралын даатгал нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл тохиолдсон үед даатгуулагчийн орлогыг тасалдалгүй байлгах, улмаар тэдний гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулдаг даатгал юм. Тухайлбал, таныг нас барахад ар гэрийнхэнд тань нөхөн төлбөр төлдөг. Нөхөн төлбөрийг таны гэр бүл таны оршуулгын зардлыг төлөх, гэр бүлийн гишүүдийн өдөр тутмын хэрэгцээтэй зардалд зарцуулах гэх мэтээр ашиглаж болно.

 

Энэ тухай дэлгэрэнгүйг эндээс [Даатгал хэсгийн “Амьдралын даатгал” руу орох линк] үзнэ үү.

 

Гэрээслэл бичих

Та хоёрын аль, аль нь гэрээслэл бичих хэрэгтэй. Гэрээслэл нь таныг нас барсны дараа таны өмчлөлд байсан хөрөнгө, мөнгийг хэрхэн зарцуулах тухай өгүүлсэн хууль ёсны баримт бичиг юм. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [Гэрээслэл бичих рүү орох линк] үзнэ үү.

 

Хүүхэдтэй болох

Хүүхэдтэй болох нь гайхалтай сайхан үе байдаг. Гэвч энэ нь шинэ үүрэг хариуцлага, нэмэлт зардал шаарддаг.  Заримдаа хүүхдээ харж хандахын тулд хэн нэг нь ажиллахаа больсны (эсвэл ажиллах цаг багассан) улмаас өрхийн орлого буурах магадлалтай байдаг. Хүүхэдтэй болоход үүсэх санхүүгийн асуудлын тухай зөвлөгөөг эндээс [Хүүхэдтэй болох руу орох линк] үзнэ үү.