Гэрээсээ хол анх удаа бие даан амьдрах

Анх удаа төрсөн гэрээсээ хол бие даан амьдрах нь бидний амьдралын сэтгэл догдлуулсан мөчийн нэг байдаг. Гэвч энэ нь та өөрийнхөө амьдралыг өөрөө санхүүжүүлж амьдарч эхлэх цаг үе ирлээ гэсэн үг. Төрж өссөн гэрээсээ явахаасаа өмнө тусдаа амьдарснаар та бүх зардлаа өөрөө төлөх чадвартай эсэхээ тооцох хэрэгтэй.

 

Хэдэн төгрөгийн түрээс төлөх чадвартайгаа тооцох

Өдөр тутмын хэрэглээний (жишээ нь, хоол, хувцас, унаа, үзвэр үйлчилгээ, тэжээвэр амьтны хоол гэх мэт) зардлаас гадна, та дараах зардлын төлөх хэрэгтэй болно. Үүнд:

    • Түрээс;
    • Дулаан;
    • Бохир ус;
    • Цахилгаан;
    • Ус;
    • Орон сууцны СӨХ-ийн төлбөр;
    • Байрны засвар;
    • Эд хөрөнгийн даатгал;
    • Интернет, кабел.

Төсөв гаргах нь мөнгөө юунд зарцуулах ёстойгоо төлөвлөхөд танд тусална.

 

Хэдэн төгрөгийн орлого (жишээ нь, таны ажиллаад авч буй цалин) болон зарлагатай гэдгээ тооцож эхлэх нь зүйтэй. Долоо хоногоор төсөв гаргах гэж байгаа бол, долоо хоног тутамд дунджаар хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг, юунд зарцуулахаа тооцоолно. Хэрэв сараар төсөв зохиох гэж байгаа бол, сар бүр дунджаар хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг, юунд зарцуулахаа тооцоолно.

 

Төсөв хэрхэн гаргах тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [Төсөв гаргах] үзнэ үү.

 

Орлого, зарлагаа бүртгэх

Төсөв нь танд мөнгөө юунд зарцуулж болох  талаар урьдчилан төлөвлөхөд дөхөм үзүүлдэг. Гэхдээ таны мөнгө бодит амьдрал дээр юунд зарцуулагдаж байгааг бичиж тэмдэглэх нь чухал. Тэгэхээр мартахгүйн тулд аль болох тэр дор нь, өдөр бүр хэдэн төгрөг, юунд зарцуулсан гэдгээ бичих хэрэгтэй. Шоколад, аяга кофе, бохь зэргийг бага гэлтгүй бичиж тэмдэглэх нь чухал – Зарцуулсан Төгрөг нэг бүр чухал бөгөөд багахан мөнгөний худалдан авалтуудыг сар, жилээр тооцоход их болж нэмэгддэг.

 

Тэмдэглэлийн дэвтэр,  тооцоолол хийдэг хүснэгт, компьютерийн программ зэргийг ашиглаж орлого, зарлагаа бичиж тэмдэглэх хэрэгтэй. Мөнгөө юунд зарцуулснаа мартахгүйн тулд өдөр бүр бүртгэл хөтлөөрэй. Хэрэв танд баримт өгсөн бол баримтаа санамж болгон хадгалах хэрэгтэй.

 

Түрээсийн гэрээгээ анхааралтай унших

Түрээсийн гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө бүх зүйл заалт, нөхцөлийг анхааралтай уншиж танилцах нь зүйтэй. Гэрээг уншиж ойлгоход хангалттай хугацаа зарцуулах хэрэгтэй.

 

Түрээслэгчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар түрээсийн гэрээнд тодорхой заасан байна. Ойлгохгүй зүйл байвал түрээсийн гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө түрээслүүлэгч, хуульчаас асууж, зөвлөгөө авч болно.

 

Түрээсийн байранд нүүн орохдоо эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийн зургийг авч, үүнийг түрээслүүлэгчээр хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Таныг нүүж ирэхэд байсан эвдрэл гэмтлийг та хариуцаж төлбөр төлөх ёсгүй.

 

Хэрэв тавилгатай байр түрээсэлж байгаа бол тухайн байранд байгаа тавилга, эд хогшлийг бүртгэлийн дагуу шалгаарай. Бүртгэлд дурдсан эд хогшил, тавилга байхгүй бол энэ талаар түрээслүүлэгчид мэдэгдэж хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Та ингэснээр таныг нүүж ирэхэд байхгүй байсан эд хогшил, тавилгын төлөө хожим төлбөр төлөхгүй.

 

Урьдчилгаа төлбөрийг төлөх чадвартай эсэхээ тодорхойлох

Байр түрээслэхээр шийдэхээсээ өмнө тухайн байранд нүүн орохтой холбоотой бүх зардлыг төлөх чадвартай эсэхээ хянаж, тооцоолоорой.  Үүнд:

    • Түрээсийн болон. бусад урьдчилгаа төлбөр
    • Зуучлагч байгууллагын хөлс. Хэрэв зуучлагч байгууллагын үйлчилгээг авсан бол тэд үйлчилгээний хөлс авдаг.
    • Нүүх зардал. Та нүүлгэлтийн үйлчилгээ авсан бол илүү их зардал гарна.
    • Гэр ахуйн бараа, тавилга. Орон байранд шаардлагатай тавилга, ор дэр, алчуур, гал тогооны хэрэгсэл гэх мэт зүйлс худалдаж авах хэрэгтэй.

 

Хамтарч түрээслэх тухай судлах

Ганцаараа байр түрээсэлснээс хамтарч түрээслэх тухай бодолцож нь зүйтэй. Жишээ нь, та хоёр найзтайгаа байр түрээсэлбэл та гурав түрээс болон бусад зардлаа хувааж төлнө гэсэн үг.

 

Байр хамтран түрээсэлж байгаа бол хамтран түрээслэгч та хоёрын хооронд аливаа үл ойлголцол, маргаан гарахаас зайлсхийхийн тулд байрныхаа ямар зардлыг та хариуцах, зардлаа хэрхэн хувааж төлөх тухайгаа урьдчилан тохиролцох нь зүйтэй. Түрээсийн байранд нүүж орохоосоо өмнө хамтран түрээслэх хүмүүстэйгээ уулзаж, ашиглалтын зардлаа хугацаанд нь хэрхэн хуваан төлөх талаар ярилцаж, төлбөр хувааж төлөхтэй холбоотой шударга дотоод журам тогтоох хэрэгтэй. Тухайлбал:

    • Хүн тус бүр тодорхой хувийг нь төлөх ёстой ашиглалтын зардлын жагсаалт гаргаж, сард тухайн ашиглалтын зардалд хичнээн төгрөг зарцуулах тооцоог гаргах.
    • Ашиглалтын зардлын нийт төлбөрийг нэмж гаргаад хүн бүр хэдэн төгрөг хувааж төлөх тухай шударга хуваарилалтыг хийх.

 

Зардлаа хэрхэн хуваан төлөх нь хүн бүрт тодорхой байх боломжийг хангахын тулд экселийн хүснэгт ашиглан сар/улирал тутам төлөх ашиглалтын зардлаас хүн бүр хэдэн төгрөг төлөхийг жагсаан харуулах нь зүйтэй.

 

Ашиглалтын зардлын нэхэмжлэх ирэхэд тухай бүр төлбөрийг хуваан төлөх, эсвэл ашиглалтын зардал болон хоол хүнсний зардалд зориулан дундын бичил банк үүсгээд түүнд тогтмол өөрсдийн зохих хувийг нэмэрлэх аргын аль алиныг ашиглаж болно. Дундын бичил банкийг хэн нэг нь хариуцах хэрэгтэй.

 

САНАМЖ

Хэрэв байр хамтарч түрээслэж байгаа бол хоёул гэрээнд гарын үсэг зурдаг. Энэ нь хамтран түрээслэгч өөрт ногдох төлбөрөө төлж чадахгүй бол та өөрийнхөө болон хамтран түрээслэгчийнхээ төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэсэн үг. Иймд та зөвхөн итгэж болох хүмүүстэйгээ хамтарч байр түрээслэх хэрэгтэй!

 

Ашиглалтын зардлаа хугацаанд нь төлөх

Түрээсийн төлбөр болон бусад ашиглалтын зардлаа хугацаанд төлөх нь чухал. Хэрэв аливаа төлбөрийг төлж чадахгүй, эсвэл хугацаанд нь төлөхгүй бол таны зээлийн түүхийн зэрэглэл муу үзүүлэлтэй болж улмаар ирээдүйд та дахин зээл (жишээ нь, автомашины) авахад хэцүү болно. Хэрэв зээлийг хамтран төлдөг бол та өөрт ногдох хувийг төлсөн ч дээрх нөхцөл байдал өөрчлөгдөхгүй.

Хэрэв та ашиглалтын зардлаа хугацаанд нь төлөхгүй бол халаалт гэх мэт чухал үйлчилгээг авч чадахгүй таслуулахад хүрнэ. Хэрэв та ашиглалтын хэд хэдэн нэхэмжлэлийг төлөөгүй бол таныг шүүхэд дуудаж болзошгүй.

 

Хувь хүний эд хөрөнгийн даатгал

Эрсдэлээс хамгаалахын тулд даатгуулах нь зүйтэй.  Жишээ нь, таны эзэмшдэг эд зүйлс хулгайлагдах, эвдэрч гэмтэн хохирол учрахаас сэргийлж даатгуулах талаар бодоорой. Даатгалын тухай дэлгэрэнгүйг эндээс [Даатгал] үзнэ үү.

 

Баталгаа гаргагч

Хэрэв та түрээсийн төлбөрөө төлж чадахгүй бол түрээсийн төлбөрийг хариуцна гэсэн баталгаа гаргах хүнтэй (гол төлөв эцэг эх) байхыг түрээслүүлэгч танаас заримдаа шаарддаг.

 

Хэрэв байрыг хамтран түрээсэлж байгаа бол баталгаа гаргагч нь зөвхөн өөрийнхөө хүүхэд төдийгүй хамтран түрээслэгчийн түрээсийн төлбөрийг хариуцна гэсэн үг.

 

Танд гэнэт яаралтай мөнгөний хэрэгцээ гарвал, жишээ нь, та ажилгүй болох, яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай болох үед ашиглах хадгаламж, хуримтлалтай байх хэрэгтэй.

 

Түрээсээ төлж чадахгүй нөхцөлд юу хийх вэ?

Хугацаандаа түрээсээ төлж чадахгүй нь гэдгээ та мэдэж байгаа бол түрээслүүлэгчтэйгээ нэн даруй уулзаж ярилцаарай. Ийнхүү ярилцахад хэцүү ч түрээсээ төлөх хугацаа тулж, та түрээсээ төлж чадахгүй болох хүртэл асуудлыг хурцатгах хэрэггүй. Хэрэв та ийм байдалд орвол дараах алхмуудыг хийгээрэй. Үүнд:

    • Ямар учраас түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй шалтгаанаа түрээслүүлэгчид тайлбарлаж, түрээсээ төлөх нэмэлт хугацаа олгохыг хүсээрэй.
    • Ийм асуудал дахин гаргахгүйн тулд юу хийхээр төлөвлөж байгаа тухайгаа түрээслүүлэгчдээ хэлээрэй.

 

Түрээсийн төлбөр болон бусад өр, зээлээ төлж чадахгүй хэцүү байдалд орвол та юу хийх талаарх зөвлөгөөг эндээс [Өөрийн өрийг хянах нь] үзнэ үү.

 

Ирээдүйдээ зориулсан хуримтлалтай байх

Гэр бүл, найз нөхдийн төрсөн өдөр, баяр, гэртээ үнэтэй эд зүйл худалдан авах гэх мэт төлөвлөөгүй зардал гаргах түүнчлэн гэнэтийн яаралтай мөнгөний хэрэгцээ тулгарсан үед төлбөр төлбөх чадвартай байхын тулд тодорхой хэмжээний мөнгийг хадгаламждаа хуримтлуулж хадгалах хэрэгтэй.  

 

Хадгаламж танд тараах байдлаар тусална. Үүнд:

    • Мөнгөө захиран зарцуулах;
    • Гэнэтийн зардал, яаралтай мөнгөний хэрэгцээг шийдэх;
    • Ирээдүйд хэрэгтэй зүйлээ худалдан авах чадвартай болох;
    • Аль болох бага зээл авах;
    • Санхүүгийн хувьд санаа бага зовох гэх мэт.

 

Ирээдүйдээ зориулан хэрхэн хуримтлал үүсгэх, яагаад хуримтлал, хадгаламж хэрэгтэй тухай зөвлөмжийг эндээс [Ирээдүйдээ зориулсан хуримтлалтай болох нь] үзнэ үү.

 

Мөнгөө захиран зарцуулж эхлэх

Мөнгөө захиран зарцуулж эхлэхэд танд туслах дэлгэрэнгүй зөвлөмжийг эндээс [Мөнгөө захиран зарцуулж эхлэх нь] үзнэ үү.