Гар утас худалдаж авах
Хичнээн хэмжээний утасны төлбөр төлөх чадвартайгаа тооцох
Өөрийн бүх орлого, зарлагаа тооцож үзсэний дараа гар утасны төлбөрт хичнээн төгрөг төлөх чадвартайгаа тодорхойлох нь зүйтэй.
Хэдэн төгрөгийн орлого, зарлагатайгаа эхлээд тооцох нь зүйтэй. Долоо хоногийн төсөв зохиохын тулд долоо хоногт дунджаар хэдэн төгрөгийн орлого, зарлагатай болохоо тооцож гаргаарай. Хэрэв сараар төсөв гаргахыг хүсч байвал сард дунджаар хэдэн төгрөгийн орлого, зарлагатай болохоо тооцох хэрэгтэй.
Төсөв хэрхэн зохиох тухай зөвлөмжийг эндээс [Төсөв зохиох нь] үзнэ үү
Гэрээгээ зөв сонгох
Юуны өмнө гар утсаа ямар зориулалтаар ашиглахаа шийдээрэй. Жишээ нь, мессеж явуулах, утсаар ярих, цахим шуудан явуулах, олон нийтийн сүлжээнд холбогдох, цахим хуудас үзэх, зураг авч, илгээх, видео үзэх, тоглоом тоглох гэх мэт. Дараа нь эдгээр зүйлсийг хамгийн бага зардлаар хийх боломжтой гар утас болон гар утас ашиглах гэрээг сонгох нь зүйтэй. Та бүх зардлыг төлөх чадвартай эсэхээ ямагт тооцоолоорой. Гэр бүлийн гишүүн, найз нөхөдтэйгээ ижил сүлжээ ашиглах нь хямд байна. Эсвэл тогтмол утсаар ярьж, мессеж бичдэг дугаарт тодорхой хөнгөлттэй тарифаар үйлчлэх санал бүхий гэрээг хийж болно. Оператор компаниудын саналыг харьцуулж судлахад цаг зарцуулаарай. Сард хэдэн төгрөгийг гар утасны төлбөрт зарцуулах чадвартайгаа тооцож, аль гэрээ нь хамгийн боломжит үнийг санал болгож буйг судлах нь зүйтэй.
Сүлжээний хамрах хүрээ
Гар утсаа ашиглахыг хүсч буй газарт таны гэрээ байгуулахаар төлөвлөж буй үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгчийн сүлжээ барих чадвар, хамрах хүрээ хэр сайн байгааг лавлаж мэдээрэй.
Гар утасныхаа гэрээг цуцлах
Гэрээгээ хугацаанаасаа өмнө цуцалбал аливаа төлбөр төлөх ёстой эсэх талаар асууж мэдэх нь зөв. Ийм зардал гол төлөв өндөр байдаг.
Урьдчилсан төлбөрт үйлчилгээ
“Урьдчилсан төлбөрт үйлчилгээ” гэдэг нь гар утсаа ашиглахын тулд урьдчилан нэгж худалдан авахыг илэрхийлнэ. Нэгж дуусмагц та зөвхөн дуудлага хүлээн авч чадах боловч гадагшаа ярих боломжгүй болно. Гар утсаараа гадагшаа залгаж ярихын тулд нэмж нэгж авах хэрэгтэй гэсэн үг. Зарим гэрээнд хэрэв та тодорхой хугацаанд худалдан авсан нэгжээ ашиглахгүй бол ашиглаагүй нэгж тухайн хугацаа дуусахад хүчингүй болно гэсэн нөхцөл заасан байдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь, 1 сарын хугацаанд гэх мэт.
Мөнгөө хэмнэж, хуримтлуулах
Гар утсаа бусад харилцаа холбооны үйлчилгээтэй (гэрийн утас, интернет гэх мэт) багцлан авах нь таны мөнгийг хэмнэх эсэх тухай судалж үзээрэй.
Сүлжээндээ үнэгүй ярих, өдрийн тодорхой цагт хямдралтай тарифаар ярих, тогтмол харьцдаг хүмүүстэйгээ хямдралтай тарифаар ярих, эсвэл мессеж бичих (жишээ нь, таны гэр бүлийн зарим гишүүд, найд нөхөд), олон нийтийн сошиал сүлжээнд үнэгүй холбогдох гэх мэт хөнгөлөлт байгаа эсэхийг лавлаарай.
Хэрэв сараар төлбөрөө төлдөг бол үйлчилгээний багцад багтсан хязгаараас хэтрүүлэлгүй гар утсаа ашиглахыг хичээгээрэй. Хэрэв үйлчилгээний багцаас хэтрүүлж ашиглавал илүү үнэтэй байж магадгүй юм.
Зураг, дуу, видео мессеж нь таны үйлчилгээний багцад хамаарахгүй байж болох тул ийм мессеж илгээсэн тохиолдолд нэмэлт төлбөр гарч болохыг анхаарна уу.
Сар бүр утасны төлбөртөө хэдэн төгрөг төлөх чадвартайгаа тооцож, аль болох тухайн төсвөөс хэтрүүлэхгүйгээр гар утсаа ашиглахыг хичээгээрэй.
Дата ашиглалтандаа анхаарах хэрэгтэй. Видео бичлэг татах, байнгын “update” хийгдэж шинэчлэгддэг цахим хуудас ашиглах зэрэгт их хэмжээний дата ашигладаг учраас үйлчилгээний багцаар олгосон дата ашиглалтын хязгаараас хэтэрч болохыг анхаарах хэрэгтэй.
Хилийн чанадад утсаа ашиглах нь төлбөр өндөртэй байдгийг анхаараарай.
Гар утасны гэрээний нөхцөлийг ойлгох
Бүрэн ойлгоогүй атлаа гар утас ашиглах гэрээнд гарын үсэг зурах нь хожим таныг их өрөнд унагаж мэднэ. Гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө гар утасны үйлчилгээ үзүүлдэг олон компаниудын талаар илүү мэдлэгтэй хамаатан садан, найз нөхдөөсөө тухайн гэрээг уншиж ойлгоход туслахыг хүсэх нь зүйтэй. Гэрээг бүрэн ойлгох хүртлээ гарын үсэг зурж болохгүй.
Зардлаа хянах
Төсвөөсөө хэтрүүлэн зардал гаргахгүйн тулд гар утас ашигласны төлөө хэдэн төгрөг зарцуулж байгаагаа хянаарай.
Утасгүй интернет буюу “wi-fi” ашиглах
Гар утасныхаа сүлжээгээр интернетэд холбогдсоноос утасгүй интернет буюу wi-fi (утасгүй интернетийн сүлжээтэй газруудад) ашиглаж интернетэд холбогдох нь илүү хямд байдаг. Жишээ нь, танай ажил, зарим кофе шопод үнэгүй wi-fi ашиглах боломжтой байж болох юм. Танай гэрийн утасгүй интернет буюу “wi-fi” гэх мэт өөр төрлийн интернет холболттой харьцуулбал гар утасныхаа сүлжээг ашиглан интернетэд холбогдох нь илүү үнэтэй байдаг.
Гар утасны аюулгүй байдал
Хэрэв гар утсаа алга болгох, хулгайд алдсан тохиолдолд та зөвхөн үнэтэй эд зүйлээ алдах төдийгүй таны утсыг олсон, эсвэл хулгайлсан хүн утсыг тань ашиглах, таны хувийн мэдээллийг бусад хүмүүст өгөх гэх мэтээр хожим танд маш үнэтэй тусах хохирлыг учруулж болзошгүй. Дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваарай. Үүнд:
- Банкны карт, мөнгөө авч явдаг найдвартай газраа утсаа авч явах;
- Утсаа кодтой болгож тогтмол түгжих, ингэснээр өөр хүн таны утсыг ашиглах боломжгүй болно. (PIN коод ашиглах эсвэл “screen lock” буюу дэлгэцийг түгжих)
- PIN коодоор SIM картаа түгжих, ингэснээр таны SIM картыг өөр утсанд хэн ч ашиглах боломжгүй.
- Өөрийнхөө утсыг SIM картандаа түгжих, ингэснээр таны утсанд өөр SIM карт ашиглах боломжгүй. Хэрэв та ухаалаг утастай бол утсаа “encrypt” буюу нууцлалын технологиор кодлох талаар судлаарай
- Санахад хялбар боловч бусад хүмүүст таахад хэцүү нууц үг ашиглах. Утсандаа нууц үгээ хадгалахгүй байх;
Заль мэхнээс болгоомжлох. Луйварчид, залилан мэхлэгчдийн хохирогч болохоос зайлсхийхэд танд туслах зарим зөвлөмжийг эндээс [Санхүүгийн луйвар, заль мэхнээс өөрийгөө хамгаалах нь] үзнэ үү.