Байр түрээслэх

Байр түрээслэхээр төлөвлөж байвал (орон сууц, хаус, гэр), түрээсийн гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө та хэд хэдэн зүйлийг бодох нь чухал. Хожим таамаглаагүй нэмэлт зардал гарахаас зайлсхийж, байр түрээслэхэд гарах бүх зардлыг төлөх чадвартайдаа итгэл төгс байхын тулд дор дурдсан зөвлөмжийг дагах нь зүйтэй.

 

Хэдэн төгрөгийн түрээс төлөх чадвартайгаа тооцох

Өдөр тутмын хэрэглээний зүйлийн зардлаас гадна (жишээ нь, хоол, хувцас, унаа, үзвэр үйлчилгээ, тэжээвэр амьтны хоол гэх мэт) та дараах ашиглалтын зардлыг төлөх хэрэгтэй болно. Үүнд:

    • Түрээс;
    • Дулаан;
    • Цэвэр, бохир ус;
    • Цахилгаан;
    • Орон сууцны СӨХ-ийн төлбөр;
    • Байрны засвар;
    • Эд хөрөнгийн даатгал;
    • Интернет, кабел гэх мэт.

Төсөв зохиох нь мөнгөө юунд зарцуулах ёстойгоо төлөвлөхөд танд тусална.

 

Хэдэн төгрөгийн орлого (жишээ нь, цалин) болон зарлагатай гэдгээ тооцох нь зүйтэй. Долоо хоногийн төсөв зохиохын тулд долоо хоногт дунджаар хэдэн төгрөгийн орлого, зарлагатай болохоо тооцож гаргаарай. Хэрэв сараар төсөв гаргахыг хүсч байвал сард дунджаар хэдэн төгрөгийн орлого, зарлагатай болохоо тооцох хэрэгтэй.

Төсөв хэрхэн зохиох тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [Төсөв зохиох нь] үзнэ үү.

 

Орлого зарлагаа бүртгэх

 

Төсөв гаргаснаар мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөхөд тусална. Ер нь бодит байдалд мөнгөө юунд зарцуулж буйгаа мэдэх нь чухал. Иймд мартахгүйн тулд боломжтой үедээ, аль болох өдөр бүр хэдэн төгрөгийг юунд зарцуулснаа бичиж тэмдэглээрэй. Сар бүр, эсвэл жилд ямар зардал гаргаж байгаагаа нарийн тооцохын тулд нэг шоколад, аяга кофе, ширхэг бохь худалдан авсан ч жижиг гэлтгүй зарцуулсан төгрөг бүрийг тэмдэглэх нь чухал.

 

Дэвтэр эсвэл экселийн програм эсвэл өөр хэрэглээний програм ашиглан орлого, зарлагаа бичиж тэмдэглээрэй. Ямар зардал гаргаснаа мартахгүйн тулд өдөрт нэгээс доошгүй удаа зардлаа тэмдэглэх хэрэгтэй. Баримт байгаа бол мөнгөө юунд зарцуулснаа санахын тулд баримтыг хадгалаарай.

 

Түрээсийн гэрээг анхааралтай унших

Түрээсийн гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө бүх зүйл заалт, нөхцөлийг анхааралтай уншиж танилцах нь зүйтэй. Гэрээг уншиж ойлгоход хангалттай хугацаа зарцуулах хэрэгтэй.

 

Түрээслэгчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар түрээсийн гэрээнд тодорхой заасан байна. Ойлгохгүй зүйл байвал түрээсийн гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө түрээслүүлэгч, хуульчаас асууж, зөвлөгөө авч болно.

 

Түрээсийн байранд нүүн орохдоо эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийн зургийг авч, үүнийг түрээслүүлэгчээр хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Таныг нүүж ирэхэд байсан эвдрэл гэмтлийг та хариуцаж төлбөр төлөх ёсгүй.

 

Хэрэв тавилгатай байр түрээсэлж байгаа бол тухайн байранд байгаа тавилга, эд хогшлийг бүртгэлийн дагуу шалгаарай. Бүртгэлд дурдсан эд хогшил, тавилга байхгүй бол энэ талаар түрээслүүлэгчид мэдэгдэж хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Та ингэснээр таныг нүүж ирэхэд байхгүй байсан эд хогшил, тавилгын төлөө хожим төлбөр төлөхгүй.

 

Урьдчилгаа төлбөрийг төлөх чадвартай эсэхээ тодорхойлох

Байр түрээслэхээр шийдэхээсээ өмнө тухайн байранд нүүн орохтой холбоотой бүх зардлыг төлөх чадвартай эсэхээ хянаж, тооцоолоорой.  Үүнд:

    • Түрээсийн болон. бусад урьдчилгаа төлбөр
    • Зуучлагч байгууллагын хөлс. Хэрэв зуучлагч байгууллагын үйлчилгээг авсан бол тэд үйлчилгээний хөлс авдаг.
    • Нүүх зардал. Та нүүлгэлтийн үйлчилгээ авсан бол илүү их зардал гарна.
    • Гэр ахуйн бараа, тавилга. Орон байранд шаардлагатай тавилга, ор дэр, алчуур, гал тогооны хэрэгсэл гэх мэт зүйлс худалдаж авах хэрэгтэй.

 

Хамтарч түрээслэх тухай судлах

Ганцаараа байр түрээсэлснээс хамтарч түрээслэх тухай бодолцож нь зүйтэй. Жишээ нь, та хоёр найзтайгаа байр түрээсэлбэл та гурав түрээс болон бусад зардлаа хувааж төлнө гэсэн үг.

 

Байр хамтран түрээсэлж байгаа бол хамтран түрээслэгч та хоёрын хооронд аливаа үл ойлголцол, маргаан гарахаас зайлсхийхийн тулд байрныхаа ямар зардлыг та хариуцах, зардлаа хэрхэн хувааж төлөх тухайгаа урьдчилан тохиролцох нь зүйтэй. Түрээсийн байранд нүүж орохоосоо өмнө хамтран түрээслэх хүмүүстэйгээ уулзаж, ашиглалтын зардлаа хугацаанд нь хэрхэн хуваан төлөх талаар ярилцаж, төлбөр хувааж төлөхтэй холбоотой шударга дотоод журам тогтоох хэрэгтэй. Тухайлбал:

    • Хүн тус бүр тодорхой хувийг нь төлөх ёстой ашиглалтын зардлын жагсаалт гаргаж, сард тухайн ашиглалтын зардалд хичнээн төгрөг зарцуулах тооцоог гаргах.
    • Ашиглалтын зардлын нийт төлбөрийг нэмж гаргаад хүн бүр хэдэн төгрөг хувааж төлөх тухай шударга хуваарилалтыг хийх.

 

Зардлаа хэрхэн хуваан төлөх нь хүн бүрт тодорхой байх боломжийг хангахын тулд экселийн хүснэгт ашиглан сар/улирал тутам төлөх ашиглалтын зардлаас хүн бүр хэдэн төгрөг төлөхийг жагсаан харуулах нь зүйтэй.

 

Ашиглалтын зардлын нэхэмжлэх ирэхэд тухай бүр төлбөрийг хуваан төлөх, эсвэл ашиглалтын зардал болон хоол хүнсний зардалд зориулан дундын бичил банк үүсгээд түүнд тогтмол өөрсдийн зохих хувийг нэмэрлэх аргын аль алиныг ашиглаж болно. Дундын бичил банкийг хэн нэг нь хариуцах хэрэгтэй.

 

САНАМЖ

Хэрэв байр хамтарч түрээслэж байгаа бол хоёул гэрээнд гарын үсэг зурдаг. Энэ нь хамтран түрээслэгч өөрт ногдох төлбөрөө төлж чадахгүй бол та өөрийнхөө болон хамтран түрээслэгчийнхээ төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэсэн үг. Иймд та зөвхөн итгэж болох хүмүүстэйгээ хамтарч байр түрээслэх хэрэгтэй!

 

Ашиглалтын зардлаа хугацаанд нь төлөх

Түрээсийн төлбөр болон бусад ашиглалтын зардлаа хугацаанд төлөх нь чухал. Хэрэв аливаа төлбөрийг төлж чадахгүй, эсвэл хугацаанд нь төлөхгүй бол таны зээлийн түүхийн зэрэглэл муу үзүүлэлтэй болж улмаар ирээдүйд та дахин зээл (жишээ нь, автомашины) авахад хэцүү болно. Хэрэв зээлийг хамтран төлдөг бол та өөрт ногдох хувийг төлсөн ч дээрх нөхцөл байдал өөрчлөгдөхгүй.

Хэрэв та ашиглалтын зардлаа хугацаанд нь төлөхгүй бол халаалт гэх мэт чухал үйлчилгээг авч чадахгүй таслуулахад хүрнэ. Хэрэв та ашиглалтын хэд хэдэн нэхэмжлэлийг төлөөгүй бол таныг шүүхэд дуудаж болзошгүй.

 

Хувь хүний эд хөрөнгийн даатгал

Эрсдэлээс хамгаалахын тулд даатгуулах нь зүйтэй.  Жишээ нь, таны эзэмшдэг эд зүйлс хулгайлагдах, эвдэрч гэмтэн хохирол учрахаас сэргийлж даатгуулах талаар бодоорой. Даатгалын тухай дэлгэрэнгүйг эндээс [Даатгал] үзнэ үү.

 

Баталгаа гаргагч

Хэрэв та түрээсийн төлбөрөө төлж чадахгүй бол түрээсийн төлбөрийг хариуцна гэсэн баталгаа гаргах хүнтэй (гол төлөв эцэг эх) байхыг түрээслүүлэгч танаас заримдаа шаарддаг.

 

Хэрэв байрыг хамтран түрээсэлж байгаа бол баталгаа гаргагч нь зөвхөн өөрийнхөө хүүхэд төдийгүй хамтран түрээслэгчийн түрээсийн төлбөрийг хариуцна гэсэн үг.

 

Танд гэнэт яаралтай мөнгөний хэрэгцээ гарвал, жишээ нь, та ажилгүй болох, яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай болох үед ашиглах хадгаламж, хуримтлалтай байх хэрэгтэй.

 

Түрээсээ төлж чадахгүй нөхцөлд юу хийх вэ?

Хугацаандаа түрээсээ төлж чадахгүй нь гэдгээ та мэдэж байгаа бол түрээслүүлэгчтэйгээ нэн даруй уулзаж ярилцаарай. Ийнхүү ярилцахад хэцүү ч түрээсээ төлөх хугацаа тулж, та түрээсээ төлж чадахгүй болох хүртэл асуудлыг хурцатгах хэрэггүй. Хэрэв та ийм байдалд орвол дараах алхмуудыг хийгээрэй. Үүнд:

    • Ямар учраас түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй шалтгаанаа түрээслүүлэгчид тайлбарлаж, түрээсээ төлөх нэмэлт хугацаа олгохыг хүсээрэй.
    • Ийм асуудал дахин гаргахгүйн тулд юу хийхээр төлөвлөж байгаа тухайгаа түрээслүүлэгчдээ хэлээрэй.

 

Түрээсийн төлбөр болон бусад өр, зээлээ төлж чадахгүй хэцүү байдалд орвол та юу хийх талаарх зөвлөгөөг эндээс [Өөрийн өрийг хянах нь] үзнэ үү.