Байр худалдаж авах
Байр худалдан авах нь (орон сууц, хаус, гэр) таны амьдралын хамгийн том худалдан авалт болох нь нийтлэг. Байр авахын тулд банкнаас орон сууцны зээл авахаасаа өмнө үүнтэй холбоотой ямар зардал гарах, сар бүр хэдэн төгрөгийн зээлийг эргүүлэн төлөх чадвартайгаа тооцож гаргасан байвал зохино.
Орон сууцны зээл гэж юу вэ?
Орон сууцны зээл нь тогтмол орлоготой аливаа иргэнд амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авахад нь зориулж банкнаас олгож байгаа зээл юм. Зээлийг бүрэн төлж дуустал таны зээлийн мөнгөөр худалдан авсан орон сууц зээлийн “барьцаа баталгаа” болдог зээл юм. Энэ нь хэрэв та банкны зээлийг төлж чадахгүй бол банк таны орон сууцыг өөртөө авч (өөрөөр хэлбэл, хураан авах) зээлүүлсэн мөнгөө олж авахын тулд тэдгээрийг захиран зарцуулах эрхтэй болдог гэсэн үг.
Орон сууцны зээлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [Орон сууцны зээл] үзнэ үү.
Сард хэдэн төгрөгийн зээлийн төлбөр төлөх чадвартайгаа тооцох
Сард хэдэн төгрөгийн орон сууцны зээл төлж чадахаа тооцож гаргахын тулд та эхлээд өөрийнхөө орлого, зарлагыг тооцох хэрэгтэй. Өдөр тутмын хэрэглээний зүйлийн зардлаас гадна (жишээ нь, хоол, хувцас, унаа, үзвэр үйлчилгээ, тэжээвэр амьтны хоол гэх мэт) та дараах ашиглалтын зардлыг төлөх хэрэгтэй болно. Үүнд:
- Түрээс;
- Дулаан;
- Цэвэр, бохир ус;
- Цахилгаан;
- Орон сууцны СӨХ-ийн төлбөр;
- Байрны засвар;
- Эд хөрөнгийн даатгал;
- Интернет, кабел гэх мэт.
Төсөв зохиох нь мөнгөө юунд зарцуулах ёстойгоо төлөвлөхөд танд тусална.
Хэдэн төгрөгийн орлого (жишээ нь, цалин) болон зарлагатай гэдгээ тооцох нь зүйтэй. Долоо хоногийн төсөв зохиохын тулд долоо хоногт дунджаар хэдэн төгрөгийн орлого, зарлагатай болохоо тооцож гаргаарай. Хэрэв сараар төсөв гаргахыг хүсч байвал сард дунджаар хэдэн төгрөгийн орлого, зарлагатай болохоо тооцох хэрэгтэй.
Төсөв хэрхэн зохиох тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [Төсөв зохиох нь] үзнэ үү.
Орлого зарлагаа бүртгэх
Төсөв гаргаснаар мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөхөд тусална. Ер нь бодит байдалд мөнгөө юунд зарцуулж буйгаа мэдэх нь чухал. Иймд мартахгүйн тулд боломжтой үедээ, аль болох өдөр бүр хэдэн төгрөгийг юунд зарцуулснаа бичиж тэмдэглээрэй. Сар бүр, эсвэл жилд ямар зардал гаргаж байгаагаа нарийн тооцохын тулд нэг шоколад, аяга кофе, ширхэг бохь худалдан авсан ч жижиг гэлтгүй зарцуулсан төгрөг бүрийг тэмдэглэх нь чухал.
Дэвтэр эсвэл экселийн програм эсвэл өөр хэрэглээний програм ашиглан орлого, зарлагаа бичиж тэмдэглээрэй. Ямар зардал гаргаснаа мартахгүйн тулд өдөрт нэгээс доошгүй удаа зардлаа тэмдэглэх хэрэгтэй. Баримт байгаа бол мөнгөө юунд зарцуулснаа санахын тулд баримтыг хадгалаарай.
Баригдаж дууссан орон сууц худалдаж авах уу? эсвэл баригдаж буй орон сууц худалдаж авах уу?
Ашиглалтад ороод хэдэн жил болсон орон сууцтай харьцуулахад шинээр ашиглалтад орсон орон сууц илүү үнэтэй. Орон сууцны барилга баригдаж дуусахаас өмнө барилгын компанид төлбөр төлөх нь арай хямд байж болох юм. Гэвч тухайн орон сууцны барилга хэзээ ч баригдаж дуусахгүй байх (жишээ нь, орон сууцны барилгыг барьж дуусахаас өмнө тухайн барилгын компани дампуурах гэх мэт), чанар, стандарт муутай баригдах эрсдэл бий.
Хотын захад уу? эсвэл хотын төвд үү?
Хотын захын орон сууц хотын төвийн орон сууцтай харьцуулахад илүү хямд. Гэвч хэрэв та хотын төвд ажилтай бол, хотын захаас хотын төв рүү буюу ажил, гэрийн хооронд зорчих тээврийн нэмэлт зардал, цаг хугацааг тооцож үзэх нь чухал.
Ашиглалтын зардлыг хугацаанд нь төлөх
Орон сууцтай болмогц орон сууцны зээл болон бусад ашиглалтын зардлаа хугацаанд төлөх нь чухал. Хэрэв аливаа төлбөрийг төлж чадахгүй, эсвэл хугацаанд нь төлөхгүй бол таны зээлийн түүхийн зэрэглэл муу үзүүлэлтэй болж улмаар ирээдүйд та дахин зээл (жишээ нь, автомашины) авахад хэцүү болно. Хэрэв зээлийг хамтран төлдөг бол та өөрт ногдох хувийг төлсөн ч дээрх нөхцөл байдал өөрчлөгдөхгүй.
Хэрэв та орон сууцны зээлээ төлж чадахгүй бол зээлдүүлэгч зээлүүлсэн мөнгөө олж авахын тулд таны барьцаанд тавьсан орон сууцыг өөртөө авахад (өөрөөр хэлбэл, хураан авах) хүрдэг. Хэрэв та орон сууцны зээлтэй бөгөөд таны санхүүгийн нөхцөл байдал дордвол, хэдийгээр та зээлийн эргэн төлөлтийг төлөх чадвартай гэж өөрийгөө бодож байгаа ч энэ тухай зээлдүүлэгчид нэн даруй хэлэх шаардлагатай.
Хэрэв та ашиглалтын зардлаа хугацаанд нь төлөхгүй бол халаалт гэх мэт чухал үйлчилгээг авч чадахгүй таслуулахад хүрнэ. Хэрэв та ашиглалтын хэд хэдэн нэхэмжлэлийг төлөөгүй бол таныг шүүхэд дуудаж болзошгүй.
Даатгал
Орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн даатгалд (орон сууц болон эд хөрөнгөө гал, үер, хулгай зэрэг эрсдэлээс хамгаалж) даатгуулах талаар судална уу.
Даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [Даатгал] үзнэ үү.