Бидний тухай

ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН СУУРЬ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

 

Хөтөлбөрийн үндэслэл

Санхүүгийн тогтвортой байдал нь иргэдээс санхүүгийн зах зээлд итгэх  итгэлийг бататгах, бүх нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн зах зээлд оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, санхүүгийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг багасгах гэсэн хоорондоо нягт уялдаа бүхий зорилтуудыг хэрхэн хангаж байгаагаар тодорхойлогддог. Санхүүгийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх асуудал ач холбогдол өндөртэй хэвээр байна. Зах зээл өргөжин тэлж, дэвшилтэт технологи олноор нэвтэрч, банк, санхүүгийн салбар хөгжин, санхүүгийн зуучлал гүнзгийрэхийн хэрээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл төрөлжин олширсоор байна.

 

Манай улсад иргэн, өрх гэрийн түвшинд санхүүгийн суурь мэдлэг хангалттай бус байгаагаас санхүүгийн буруу шийдвэр гаргаж эрсдэлд орох, энэ нь санхүүгийн салбарт сөрөг нөлөөлөл үүсгэх эрсдэлтэй байгаа нь энэхүү хөтөлбөрийг өргөн цар хүрээтэй, үр өгөөжтэй хэрэгжүүлэх шаардлагыг зүй ёсоор бий болгож байгаа юм.

 

Хөтөлбөрийн тухай

Иймээс Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Дэлхийн банкны техник туслалцааны хүрээнд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр-ийг боловсруулан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дэмжин улмаар 10 дугаар сарын 7-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан нь энэхүү хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх эхлэлийг амжилттай тавиад байна. Хөтөлбөрийг боловсруулахад дэлхийн хөгжлийн чиг хандлага, олон улсын туршлага төдийгүй өөрийн орны онцлог байдал, хүн амын санхүүгийн мэдлэгийн түвшинг харгалзан үзэж хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл, зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг тодорхойлов. Хөтөлбөрийг дараах дөрвөн тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ:

  1. Сургуулийн насанд санхүүгийн мэдлэг олгох
  2. Залуу үед санхүүгийн мэдлэг олгох
  3. Хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох
  4. Цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр санхүүгийн мэдлэг олгох дөрвөн тэргүүлэх чиглэлд хэрэгжүүлнэ.

 

Хөтөлбөрийн ач холбогдол

              Иргэдийн санхүүгийн мэдлэг сайжрах нь эдийн засгийн бодит өсөлт болон ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэйгөөс гадна хэрэглэгчид, санхүүгийн үйлчилгээний салбар, засгийн газар, төв банк, бусад санхүүгийн зохицуулах үүрэг бүхий байгууллагууд, боловсрол олгогчид, ажил олгогч, ажиллагчид болон сайн дурын байгууллагууд зэрэг олон оролцогч талуудад ашиг тусаа өгөх юм.

 

Иргэдийн санхүүгийн боловсрол нэмэгдсэнээр дараах гол үр дүн гарна:

  • Иргэдийн мэдлэг дээшилснээр санхүүгийн бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэнэ;
  • Иргэд өөрийн хэрэгцээнд тохирсон, зөв бүтээгдэхүүн сонгох боломжтой болно;
  • Санхүүгийн залилан, мэхлэлээс урьдчилан сэргийлэх явдал нэмэгдэж, түүнд өртөх иргэдийн тоо буурна;
  • Иргэдийн хадгаламж нэмэгдэж, өр багасна;
  • Хувь хүний ажлын бүтээмж нэмэгдэнэ;
  • Хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоо өснө;
  • Ядуурал, гэмт хэрэг буурна.

 

Хөтөлбөр дөрвөн чиглэлд хэрэгжих үндэслэл:

 

  1. Сургуулийн насанд санхүүгийн мэдлэг олгох тэргүүлэх чиглэл

 

Үндэслэл: Хувь хүний санхүүгийн суурь ойлголттой болж, төлөвших нас нь хүүхэд наснаас эхэлдэг тул энэ үед санхүүгийн суурь ойлголтуудын талаар үнэн бодитой, зөв мэдээлэл өгөх нь чухал юм. Манай улсын хувьд дунд сургуульд хамрагдалтын түвшин өндөр байдаг тул хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан санхүүгийн мэдлэг олгоход бүхэл бүтэн үеийг хамруулж болох гол ач холбогдолтой. Хүүхдүүдийн санхүүгийн боловсрол дээшлэх нь эцэг эхийн санхүүгийн боловсролд ч мөн эерэг нөлөө үзүүлдэг байна. Одоогийн байдлаар дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт санхүү, эдийн засгийн холбогдолтой сэдвүүд багтаж байгаа боловч харьцангуй макро эдийн засгийн хүрээний асуудлыг хамарсан, өрхийн болон хувийн санхүүг хэрхэн зөв зохистой удирдах талаар бага тусгагдсан байна. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-оос хийсэн Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн Иргэний боловсролын сургалтад хийсэн үнэлгээ, мониторингийн сурах бичгүүдийн агуулгад  хийсэн судалгаанаас харахад дунд сургуулийн ахлах ангиудын сургалтын хөтөлбөрт “Үйлдвэрлэгч ба хэрэглэгч”, “Мөнгө”, “Татвар”, “Эдийн засгийн тогтолцоо”, “Эдийн засаг, зах зээлийн эдийн засгийн тухай ойлголт”, “Эрэлт, нийлүүлэлт”, “Үнэ”, “Өрсөлдөөн”, “Ажилгүйдэл”, “Инфляци” зэрэг цөөн тооны макро эдийн засгийн сэдвүүдийг голлон хамарсан байна.

 

  1. Залуу үед санхүүгийн мэдлэг олгох тэргүүлэх чиглэл

Үндэслэл: Санхүүгийн голлох шийдвэр гаргаж, санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцож эхэлдэг үе нь залуу үе буюу 18-25 насныхан байдаг учраас энэхүү насны бүлэгт санхүүгийн мэдлэг олгох нь ач холбогдол өндөртэй байдаг. Манай улсын хувьд нийт хүн амын 30 гаруй хувийг 18-25 насны залуучууд эзэлж байна. 18-25 насныхны хувь ЕБС-ийн хөтөлбөр болон их сургуулийн сургалтын хөтөлбөрөөс санхүүгийн боловсролын талаар төдийлөн мэдээлэл аваагүйн дээр санхүүгийн бүтээгдэхүүний төрөл, хэрэглээ өргөжиж байгаа энэ үед тус зорилтот бүлэгт анхаарал хандуулах нь зайлшгүй чухал юм. Гэрлэлт, шинэ ажилд орох, шинээр бизнес эрхлэх зэрэг “амьдралын мөчлөгүүд” буюу хүн өөрийн амьдралдаа шууд тусган, шинэ мэдээлэл шингээж чадах үе нь залуу үед голчлон тохиолддог.

 

  1. Хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох тэргүүлэх чиглэл

Үндэслэл: Орон нутгийн иргэд хот суурин газартай харьцуулахад алслагдсан, мэдээлэл авах боломж бага байдгаас өөрт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн сонгох, санхүүгийн бусад үйл ажиллагаанд оролцох зэрэгт хүндрэлтэй тулгардаг. Тэтгэврийн насанд хүрэх үедээ зориулж хуримтлал үүсгэх, зохистой санхүүгийн бүтээгдэхүүн сонгох талаар хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг малчид мэдлэг дутмаг байдаг.

  1. Цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санхүүгийн мэдлэг олгох тэргүүлэх чиглэл

Үндэслэл: Сүүлийн жилүүдэд интернет хэрэглэгчид, ухаалаг утас хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа. Цахим хуудас, олон нийтийн мэдээллийн сүлжээгээр мэдээлэл түгээх нь бага зардлаар олон хүнийг хамруулах ач холбогдолтой байдаг. Санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх нэгдсэн цахим хуудас ажиллуулснаар иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах мэдээ, мэдээллээс гадна хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийг оролцогч талуудад мэдээлэх, үйл ажиллагаанд хяналт тавих боломж олгоно.

 

Хөтөлбөрийн үр дүн

Хөтөлбөр хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ:

  • Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт санхүүгийн суурь мэдлэг олгох агуулгыг багтаах;
  • Их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын хөтөлбөрт санхүүгийн мэдлэг олгох агуулгыг багтаах;
  • Иргэдийн хувийн санхүүгийн талаар мэдлэг буюу хяналттай төсөвлөлт хийх, ирээдүйн хэрэгцээнд зориулж нөөц, хуримтлал үүсгэх, урьтаж байх, ирээдүйн тухай тунгаах чадамж дээшилсэн байна;
  • Хадгаламжтай иргэдийн тоо нэмэгдсэн байна
  • Хөрөнгийн зах зээлд иргэдээс оруулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэнэ
  • Даатгалтай иргэдийн тоо нэмэгдсэн байна
  • Иргэдийн хугацаа хэтэрсэн, найдваргүй өрийн хэмжээ буурна
  • Нэг хүний хэрэглэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний дундаж тоо нэмэгдсэн байна
  • Санхүүгийн бүтээгдэхүүнийг мэдээлэл, мэдлэг дээр үндэслэн зөвөөр сонгох байдал нэмэгдэнэ
  • Санхүүгийн байгууллагуудын үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдлэг нэмэгдсэн байна
  • Санхүүгийн зах зээлд оролцогчдын хоорондох мэдээллийн урсгал сайжирсан байна
  • Санхүүгийн залиланд өртсөн иргэдийн тоо буурна гэсэн үр дүнгүүдийг хүлээж байна.

 

Хөтөлбөрийн үнэлгээ, хяналт

            Хөтөлбөрийн үр дүнг үнэлэхдээ зорилтот хөтөлбөр нь зорилтот бүлэгт хүрч санхүүгийн мэдлэгийн түвшин нэмэгдсэн эсэх болон нөөцийг үр ашигтай зарцуулсан эсэхэд хяналт үнэлгээг төвлөрүүлэн хийх ба ингэснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудыг үйл ажиллагаа цаашид сайжруулах боломж олгох юм. Мөн хөрөнгө оруулагчдад санхүүжилтийг хэрхэн зарцуулсан талаар мэдээллээр хангаж цаашдын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар төрлийн үйл ажиллагаанд оруулах талаар шийдвэр гаргахад чухал үүрэгтэй.